МОНГОЛ АХУЙГААС БИЙ БОЛСОН 240 ГАРУЙ ТӨРЛИЙН ТОГЛООМ,НААДГАЙ БАЙДАГ

: Монгол ахуй уламжлал,нүүдэлчин соёлоос бий болсон үндэсний тоглоом наадгай 240 гаруй төрөл байдгаа гэсэн судлаачдын судалгаа бий. Зөвхөн шатар л гэхэд 180 орчим төрөл байдаг бол шагайгаар шагай няслах,шүүрэх,таалцах,алаг мэлхий өрөх,дөрвөн бэрх хаях,морь,тэмээ уралдуулах,шагай харвах гэхчилэн 30 орчим төрлөөр тоглож нааддаг байна. Тэдгээр тоглоом наадгайнуудаас өнөөдөр Монголын үндэсний музейд 100 орчим нэр төрлийн үндэсний тоглоом наадгайг дэлгэн харуулсан үзэсгэлэн нээгдлээ. Энд уламжлагдаж ирсэн тоглоом наадгайнуудаас гадна Сяньби,Уйгарын хаант улсын үед тоглож байсан архелогийн олдворууд ч дэлгэгджээ.

Монголчууд эрт үеэс үндэсний тоглоом наадгайгаар гэр бүлээрээ, айл хотлоороо тэр дундаа уламжлалт баяр ёслолоор зочин гийчинтэйгээ тоглодог байсан уламжлалтай. Тухайлбал битүүний орой “Алаг мэлхий”өрж тоглодог бол шинийн нэгний өдөр “Дөрвөн бэрх”, “Үйчүүр”, “Хорол”зэрэг тоглоомуудыг тоглодог заншилтай байжээ.

Монголын үндэсний тоглоом наадгай хүүхэд багачуудад монгол ахуй уламжлалыг таниулахаас гадна орчим үеийн ямар ч тоглоомноос илүүгээр хүүхдийн оюун ухааныг тэлж,хөгжүүлдэг гэдгийг судлаачид хэлдэг. Тиймээс уламжлалт тоглоомоо өдөр бүр тоглодоггүй юм гэхэд уламжлалт баяраараа тоглуулж байхыг зөвлөж байгаа юм. Монголын үндэсний музейд нээгдсэн уламжлалт тоглоом,наадгайн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 3-р сарын 15-ныг дуустал бүх хүнд нээлттэй байх юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн