Улаан гэрлээр гүйж, хашаан дээгүүр харайгсдын хариуцлагыг сайжруулъя.
Нийслэлийн автозамуудад шар хайсуудыг суурилуулж эхэллээ. Нийт 11 байршилд тусгаарлах шар хайс суурилуулж байгаа бөгөөд эвдэлсэн,гэмтээсэн тохиолдолд тухайн хүнээр нь хохирлыг нь барагдуулахаар болжээ.
Уг шинэ шар хайсуудыг НЗД-ын захирамжаар нийт 11 байршилд буюу Намяанжугийн гудамж, Сансарын тойрог, Энхтайвны гүүр, Бөмбөгөр,Энхтайвны өргөн чөлөөний замуудын голоор суурилуулж байна. Нийт 4820 м замд буюу 1606 ширхэг шар хайсыг суурилуулж байгаа юм. Тэгвэл хотын төвийн замуудын голоор шинэ шар хайс бий болсныг олон нийт эерэг ба сөрөг байдлаар хүлээн авч, олон нийтийн сүлжээнд шинэ шар хайсыг давж буй явган зорчигчийн зураг шар хашааны тухай сэдвийг улам ч дэвэргэлээ. Тухайлбал явган хүний гарцаа нэмэхгүй хирнээ шар хашаагаар хотоо шоронжуулж байна. Автозамын хашаа хайсны шинэ шахаа гараад ирлээ. Энэ бол нэг даргынх нь бизнес. Хэн дуртай нь гарцгүй газраар шууд зам хөндлөн гардаг учраас хашаа татах нь зөв. Энэ хашааг цахилгаанд холбох хэрэгтэй гэхчилэн хотын иргэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байна. Тэгвэл замын голд тусгаарлагч шар хайс суурилуулах ажлыг хариуцаж буй ЗАА-аас дараах тайлбарыг өгч байна.
ЗАА-ны зүгээс дуртай үедээ хүссэн газраараа улаан гэрлээр зам гардаг явган зорчигчдыг гарзаар гардаг болгохын тулд бодож олсон шинэ санаа бол энэ гэлээ. Мөн шинэ шар хайснуудын засвар арчилгааны зардалыг нийслэлийн төсөвт жил бүр суулгана. Мөн энэ хайсуудыг унагааж, мөргөж эвдэлж хэмхэлбэл тухайн иргэнээр хохирлыг нь төлүүлнэ. Ингэснээр шинэ шар хайсуудаа он удаан жил ашиглана гэсэн тайлбарыг өглөө. Товчхондоо хамгаална ч хашаална ч гэж байна. Автомашин хүн хоёроо хашаагаар тусгаарлаад осол гэмтэл буурч байвал сайн хэрэг. Гэвч нь нэг талаас хотын автозамуудад явган хүний гарц,гэрэл дохио хангалттай бий бил үү? Бүтэн нэг буудал газарт ганц гарцтай замууд олон бий. Тиймээс хашаа хайснаас урьтаж гарц гэрэл дохиогоо нэмчихвэл улаан гэрлээр гүйж, хашаан дээгүүр харайгсад үгүй болно. Нөгөө талаас 10 алхамын цаана гарц байхад улаан гэрлээр гарцгүй газраар гүйдэг томоожоогүй явган зорчдын хариуцлага,ухамсарыг дээшлүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт 21-р зууны хөгжиж буй хотын төвд хаа саагүй хашаа хатгаад байх хэрэггүй болох бизээ.