ШОРООН ГАХАЙ ЖИЛ НЯЛХАС БОЛОН АРД ОЛОНД ТААРУУ ЖИЛ ГАРНА
Монголын бурхан шашинтны төв гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба гавж Чойжамц өнөөдөр ирж байгаа шороон гахай жилийн өнгө хийгээд сар шинийн баярын утга учир , бэлэгдлийн талаар айлдвар айлдлаа.Тэрээр жилийн өнгийг харахад анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгааг хэлсэн. Тухайлбал энэ жил шим ертөнц буюу хүн талаасаа авч үзвэл, ахмадуудад ээлтэй жил болох бол залууст дунд нялхаст тааруухан гэж гарч байна гэсэн юм. Нялхас гэдэг хуучин монгол хэлэнд нялх нярай хүүхдийг хэлдэг бол нөгөө талаар бодлогогүй, өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайж юу руу ч хамаагүй орчих гээд байдаг хүнийг бас нялхас гэдэг. Тиймээс XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилд аливаад өөрийн бодолтой хандаж, зөв бурууг ялгаж салган шинжилж амьдрахыг захилаа.
Мөн цаг агаарын хувьд ус, хур элбэгтэй гэх боловч мөндөрөөс болгоомжлохыг малчин, тариаланч ард иргэд анхаарахыг захисан юм. . Харин Засаг төрийн хувьд хямралтай гэсэн байна. Гэхдээ хямрал гэдэг нь эв зохицол алдахаас үүдэлтэй тул хаа хаанаа эв эеийг хичээн явбал сайн сайхан жил гарна гэдэг утга урвуулагч хэмээх ёгт нэрэнд агуулагдаж байгаа гэж тайлбарлалаа.
Мөн тэрээр цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Уламжлалт зан заншилтай , өв соёлтой, тусгаар тогтносон азийн цээжинд ийм сайхан улс байдаг гэдгийг илтгэдэг баяр гэдгийг тодотгоод нэг үгээр эв нэгдлийн баяр ч гэж хэлж болохоор гэсэн юм. Тиймээс хүн бүр шинэ жилийн эхний өдөр бие , хэл , сэтгэлийг ариун байлгаж , ахмад буурлуудаа хүндэтгэн , сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөлийг өргөлөө.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ