СХД-ийн 7-р хороонд 8000 орчим хүүхэд сургууль, цэцэрлэггүй байна.
СХД-ийн хамгийн том хороо буюу 20 мянган хүн амтай 7-р хороо нэг ч сургууль,цэцэрлэггүй байна. Уг нь газар нь бэлэн, 2 сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн ч одоог хүртэл баригдаагүй байна.
СХД-ийн 7-р хороо 20 гаруй мянган хүн амтай. Сургуулийн насны 4000, цэцэрлэгийн насны 3400 хүүхэдтэй. Гэвч хороондоо сургууль,цэцэрлэг байхгүйгээс тус хорооны хүүхдүүд ханийн материал, баруун салаа,баянхошуу орчмын сургуулиудад хуваагдаж суралцдаг. Өөрөөр хэлбэл гэрээсээ автобусаар хол явж байж өөр хорооны сургуульд очиж сурдаг. Уг нь тус хороонд АХБ-ны санхүүжилтээр нэг, ЗГ-ын концессоор нэг нийт 2 сургууль баригдахаар төлөвлөгдсөн. Хорооны зүгээс сургууль барих газраа шийдсэн. Гэвч өнөөг хүртэл баригдаагүй, ажил нь зогсчихоод байгаа.
Д.ХОСБАЯР СХД-ИЙН 7-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Энэ бол 2017 онд ЗГ-ын концессоор баригдахаар эхлэж байсан 300 орчим хүүхдийн суудалтай сургуулийн суурь. Анх сургуулийн суурийг тавиад эхлүүлээд орхисон. Одоо энэ чигээрээ зогсчихсон 2 жилийн нүүрийг үзэж байна. Суурийн нүх, босгож орхисон арматуруудыг хашаалж,зэргэлдээх байрны оршин суугч нь манаж байгаа ч орой шөнийн цагаар согтуу хөлчүү хүн, хүүхэд хөгшид унах,автомашин цөмөрч орох өндөр эрсдэлтэй байгаа. Өнгөрсөн жил л гэхэд 1 машин, 1 хүүхэд суурийн нүхэнд унаж бэртсэн байгаа юм.
Тиймээс ухаад орхисон энэхүү сургуулийн суурийг ажлыг яаралтай нэг тийш болгож, сургууль цэцэрлэгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг тус хорооны иргэд хүслээ.