Эрдэнэс Тавантолгой ХК-иар дахиж оролдвол тэдний эсрэг хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
Өчигдөр “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”ТББ-аас “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн гадна жагсаал зохион байгуулсан. Тэгвэл дахиж “Эрдэнэс тавантолгой”ХК-иар “оролдвол” тэдний эсрэг хатуу арга хэмжээ авна гэж тус компанийн үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ.
Өчигдөр УУ-ын эдийн засагч Л.Наранбаатар тэргүүтэй “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”ТББ-ын 30 орчим гишүүд “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн гадна талбайд жагсаж, 1072 хувьцааны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтанд зарцуулах бус харин иргэдэд тараахыг шаардсан. Үүнд өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Эв санааны нэгдэл ҮЭ-ээс хариу мэдэгдэл хийлээ. Тодруулбал “Эрдэнэс тавантолгой” ХК өрнөөс гарч жилийн ашиг нь нэмэгдээд эхэлмэгц улс төр,эрх мэдлийн ашиг сонирхолтой бүлэглэл зориудаар дайрч эхэлж байгааг хэллээ. Мөн цаашид дахин “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн эрх ашиг нэр хүндээр оролдвол халдагсдын эсрэг хатуу арга хэмжээ авч,улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж мэдэгдлээ.
“Эрдэнэс тавантолгой”ХК-ийн эсрэг явуулж байгаа жагсаал тэмцлүүд нь олон нийтийн дунд үймээн самуун үүсгэж, хөндлөн төмөр замын бүтээн байгуулалтын асуудал саатаж мэдэх учраас цаашид эрх мэдэл,улс төрийн зорилгоор өөрсдийг нь оролдохгүй байхыг хүслээ. Эс тэгвэл тус компанийн үйлдвэрчний эвлэл компаниа хамгаалахын тулд улс төржсөн үйл ажиллагаа явуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.