Үхэр, хонины мах кг тутамдаа 1000 төгрөгөөр хямдарч эхэлжээ
Нэг кг нь 16 мянган төгрөгт хүрч байсан махны үнэ эргээд буурч эхэлжээ. Тухайлбал өнөөдрөөс эхлэн үхэр, хонины мах кг тутамдаа 1000 төгрөгөөр буурсан үнээр худалдаалагдаж эхэлжээ.
Өнгөрсөн 7 хоногийн эхнээс үхэр,хонины махны үнэ огцом нэмэгдэж, 1 кг үхрийн мах хотын төвийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд 16 мянган төгрөг, махны захуудад 13 500 төгрөгт хүрсэн. Махны үнэ ингэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 орчим хувиар нэмэгдсэнд олон нийт бухимдаж эхэлсэн. Харин ХХААХҮЯ-ны зүгээс махны нийлүүлэгчид болон захуудад шалгалт хийж, дулааны аргаар мах боловсруулагч үйлдвэрүүд махны захуудаас мах авах замаар нийлүүлэлтийн хомсдол үүсгэж,үнэ хөөрөгдсөн болохыг тогтоосон. Улмаар махны захуудаас үйлдвэрүүд мах авахыг хориглох замаар үнийг тогтворжуулах хариу арга хэмжээ авч эхэлснээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэх махны захуудад үхэр,хонины мах кг тутамдаа 1000 төгрөгөөр буурч эхэлжээ.
Махны худалдаачдын тайлбарлаж байгаагаар махны нийлүүлэлт өнгөрсөн 7 хоногтой харицуулхад нэмэгдсэн. Улмаар үнэ бага боловч буурч эхэлж байгааг дуулгалаа. Иргэдийн хувьд үнэ хямдрах тусам иргэдийн нуруун дээрх ачаа бага боловч хөнгөрхийг хэлж байна.
Ямартай өнөөдрөөс эхлэн махны үнэ буурч эхэллээ. Салбар яамнаас мэдэгдсэнчлэн цаашид орон нутгаас орж ирэх махны нийлүүлэлтэнд хөндлөнгийн нөлөөлөл буюу үйлдвэрүүдийн гар орохгүй бол махны үнэ цаашид тогтворжих хандлагатай болж байгааг борлуулагчид хэлж байлаа.