Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 6 хүн нас барлаа
Зуны эхэн сар гарсан ч цаг агаар тогтворгүйтэж өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурч 6 хүн осгож нас барлаа. Маргаашаас 17-ныг дуустал зарим нутгаар мөн хүчтэй цасан болон шороон шуурга шуурахаар байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч багагүй хохирол учирлаа. Цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон, цасанд боогдсон тухай 20 гаруй дуудлага онцгой байдлын газарт ирсэн байна. Онцгой байдлын аврагчид 64 иргэнийг авран хамгаалсан ч 6 иргэн осгож амь насаа алдлаа.
Цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 14-17-нд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна. Тиймээс малчид малдаа явахдаа дулаан хувцаслах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын таагүй нөхцөл байдалтай үед замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.