Залуу малчдыг дэмжиж Англи дахь Монголчууд хандивын гүйлт зохион байгууллаа.
Англи болон Европын бусад орнуудад Монголын залуу малчдыг дэмжих хандивын гүйлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан байна. Залуу малчдыг дэмжих нь тогтвортой хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж үзсэн Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн Төслийн зохицуулалтын менежер, Британийн Монголчуудын Холбооны тэргүүн Цэрэнбат энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан байна.
Монголчууд бид байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн уламжлалтай. Нүүдэлчин ахуйн энэ дадал нь өнөө цагт чухалд тооцогдож багйаа тогтвортой орших, хөгжихийн загвар гэж хүлээн зөвшөөрөгдөж эхлээд байна. Улмаар монголчууд уламжлалт малч ухаанаа барууны стандарчлагдсан ойлголт, практиктай хослуулж эзэмших нь шинэ цагийн Монгол хүнийг тогтвортой хөгжлийн чиг хандлагын манлайлагч байх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Энэ үзэл санааг дэмжиж Англи улсад амьдардаг, Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн Төслийн зохицуулалтын менежер, Британийн Монголчуудын Холбооны тэргүүн Д.Цэрэнбат Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн (ТННЭ) хэрэгжүүлж буй Залуу Малчин Хөтөлбөрийг дэмжих хандивын гүйлтийн арга хэмжээг санаачлан 5 дугаар сарын 5-ны өдөр Англи болон Европын бусад орнуудад амжилттай зохион байгуулллаа.
Анх удаа зохион байгуулагдсан энэхүү гүйлтэнд Европын таван улсын арван хотод нийт 63 хүн оролцож Залуу Малчдыг дэмжих хандив цуглуулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо. Энд мөн Монголчуудаас гадна хөтөлбөрийг дэмжигч хамтран ажиллагч Британийн иргэд ч оролцжээ. Гүйлтийг зохион байгуулахад иргэн Цэрэнбатын гэр бүл, Британи дахь Монголчуудын “Team Mongolia Runners Club” гүйлтийн клубын гишүүд, Британи дахь G-StudioMN фото студи дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Мөн хандивын гүйлтийг дэмжиж одоогоор 70 гаруй хүн 1700 фунтийн хандив өргөсөн байна. Хандивын зарцуулалт, үр дүнг ТННЭ тайлагнан ажиллана. Тус эвслийн хувьд Хэнтий аймгийн Боловсролын Хэлтэстэй хамтран багш сурагчдын гарын авлагыг боловсруулж, 7 суманд сонгон суралцах хичээл хэлбэрээр оруулж эхлээд байгаа. Сурах бичигт тухайн орон нутгийн байгаль орчин, ан амьтдын онцлог, мал маллагааны арга туршлагыг багтаажээ. ХҮүхдүүдэд ийм цогц мэдээллийг өгснөөр байгаль эхээ хайрлан хамгаалах, ирээдүйн тогтвортой хөгжилд Монголын оруулах хувь нэмрийг илүүтэй ойлгож энэ үйл хэргийн манлайлагч, оролцогч иргэд болов төлөвшинө гэж үзсэн байна.