Хурдан морины унаач хүүхдийн даатгалын хураамжыг 100 мянган төгрөг болгон нэмлээ.
Хурдан морины унаач хүүхдийн даатгалын жилийн хураамжыг 100 мянган төгрөг болгон нэмж, нөхөн олговорын хэмжээг 20 сая төгрөг байх зохицуулалтыг хийсэн байна.
Манай улсын хэмжээнд хурдан морины унаач 10 мянган хүүхэд бий гэсэн албан бус судалгаа байна. Эдгээр хүүхдүүд уралдааны үеэр морьноосоо унаж, гэмтэж, бэртэх, цаашлаад амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайн үед даатгалын нөхөн олговорын хамгийн дээд хэмжээ 5 сая төгрөг байжээ. Энэ мөнгө нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэлцэхүйц хэмжээтэй биш байсан. Ингээд хүүхэд хамгааллын байгууллага даатгалын компаниудтай уулзаж, бодит байдалд нийцүүлэн даатгалын жилийн хураамжыг 100 мянган төгрөг, нөхөн олговорын хэмжээ 20 сая төгрөг, байхаар тохирчээ.
Даатгал 21 аймгийн 300 гаруй суманд хийгдэх учраас суманд хүрч ажиллах боломжтой компанийг сонгож гэрээ байгуулахаар Морин спорт уяачдын холбоо ажиллаж байна.
“Дүнжингарав-2019” уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарсан. Энэ уралдаан оролцох хүүхдийг заавал даатгалд хамруулсан байх гэсэн шаардлагыг тавих юм байна.