Өнөр бүл төвийн хүүхдүүд амьдрах чадварт суралцаж, бүхий л зүйлийг өөрсдөө хийдэг болжээ
Манай улсын хэмжээнд 31 асрамж халамжийн төвд нийт 1000 орчим хүүхэд амьдарч байгаа тоо судалгаа байна. Улсын харъяанд байдаг Өнөр бүл хүүхдийн халамжийн төвд өнөөдрийн байдлаар 188 хүүхэд амьдарч байна. Асрамжийн газар биш гэр орчинд амьдруулахыг зорьж байгаа гэдгийг тус төвийнхөн онцолж байна.
2017 оноос хойш Өнөр бүл төвийн бүтэц зохион байгуулалт багагүй өөрчлөгджээ. Урьд нь хүүхдүүд бүх зүйл нь цаанаасаа бэлтгэгдсэн орчинд цагаар хооллож, сурахаас өөр зүйлд гар бие оролцох боломж нөхцөл хомс байсан бол одоо тэд гэр бүлийн орчинд амьдарч байна. 16 нас хүрээд энэ төвөөсөө гарч амьдралд хөл тавихад амьдралын наад захын зүйлийг сураагүй гардаг дутагдал байсан учраас гэр бүлийн орчин бүрдүүлж өгөхийг зорьжээ. Одоо хүүхдүүд гэртээ өөрсдөө хоолоо хийж, хувцасаа угааж, бүхий л зүйлийг өөрсдөө хийдэг болсон нь олон давуу талыг авчирчээ.
Мөн хүүхдүүд хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдаанд оролцож түрүүлсэн мөнгөөрөө даавуу авч даавуун тор хийх болжээ. Хүүхдүүдийн хийсэн бүтээл олон нийтэд хүрч байгаа нь эргээд маш том урам болж байгааг багш нар нь онцолж байлаа.
Мөн хүүхдүүдээ амьдралд бэлтгэхийн тулд хийж байгаа нэг ажил нь цаасан мөнгө юм. Энгийн хүүхдүүд аав ээжээсээ хэрэгцээний мөнгөө авч багаасаа мөнгөтэй харьцаж сурдаг бол асрамжийн газрын хүүхдүүд бэлэн мөнгөтэй харьцаад байдаггүй учир тарааж өгсөн хичээлийн хэрэгсэл, хувцас хунараа зарж үрэх тохиодол ч гарч байсан байна.
Гэхдээ цаасан мөнгө хэрэглэх дүрэмтэй. Нэг төрлийн барааг олноор авахгүй, мөн өдөрт 1500 дээш төгрөг үрэхгүй гэх мэт дүрмийг баримтална. Цаасан мөнгийг нэвтрүүлсэнээр хүүхдүүд мөнгөний үнэ цэнийг мэдэж, ариг гамтай хэрэглэх болжээ. Өнөр бүл хүүхдийн төв дотроо шүдний кабинеттэй. Төвийнхөө хүүхдүүдээс гадна бусад асрамжийн газрын хүүхдүүдийг ч эмчлэх боломжтой гэнэ. Охидын өрөөг байгуулж өгсөн нь өсвөр насны охидуудад ихээхэн тустай ажил болжээ. Учир нь бие сэтгэлзүйн аливаа өөрчлөлтөө даван туулж, тулгамдсан асуудлаа хамтдаа шийдэхэд тусладаг байна. Өнөр бүл төвд сард 2-3 хүүхэд нэмэгдэж ирдэг. Гэхдээ гэр бүлийн орчин байгуулсан учраас олон хүүхэд авах боломжгүй байхгүй байгааг хэлж байлаа. Тус төвийн хүүхдүүд бүгд сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдаж боловсролын үйлчилгээг хоцролгүй авч байгааг онцолж байсан юм.