Хувь хүний хайхрамж болгоомжгүйгээс зуслангийн бүсэд 2 өдрийн дотор 25 байшин шатлаа
Өчигдөр Гоодойн зусланд гал гарч 16 айлын зуслангийн байшин шатьсан бол өнөөдөр Шадивлангийн зусланд гал гарч 9 айлын байшин шатлаа. Хамгийн харамсалтай нь дээрх галын тохиолдлууд бүгд хүний буруутай үйлдлээс шалтгаалан гараад байна.
Гоодойн зусланд өчигдөр 14 цагийн үед гагнуурын оч алдсанаас гал гарч 16 айлын байшин хашаа, 2 монгол гэр шатлаа. Онцгой байдлынхан 14 цаг 20 минутанд дуудлага аван газар дээр ирсэн ч хуурайшилт их байснаас богино хугацаанд дээрх айлуудын байшин гэр ийнхүү шатаж дууссан юм. Харин ч онцгойгийнхон галыг шуурхай унтрааснаар модруу оруулаагүй гэлээ.
Галын мэдээллийг интернэтээс авсан Гоодойн зуслангийн оршин суугчид энэ үеэр мөн цуглаж ирцгээсэн. Шатсан байшинуудын ихэнх нь 2 давхар байсан бөгөөд бусдын болгоомжгүй үйлдлээс болж өмч хөрөнгөөрөө хохирсон тэд сэтгэл санааны хувьд хүнд, гомдолтой байгаагаа хэлж байлаа.
Гоодойн зуслангийн галын дүгнэлт ч бүрэн гараагүй байтал өнөөдөр мөн Шадивлангийн зусланд гал гарлаа.
Энэ галын улмаас 9 айлын байшин шатсан бөгөөд 12 цагийн үед шар өвс шатааж байгаад гал алджээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 4 анги, нийслэлийн Аврах ангийн нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэл ажиллалаа.
Ийнхүү 2 өдрийн дотор зөвхөн 2 зусланд 25 айлын зуслангийн байшин хашаа, 2 монгол гэр шатлаа. Эдгээр өмч хөрөнгийн үнэлгээг одоогоор гаргаагүй байна. Мөн онцгой байдлын 100 гаруй албан хаагч олон арван техник хэрэгсэл 2 өдрийн туршид тасралтгүй ажиллаж банйа. Хамгийн гол нь энэ бүгд байгалийн ямар нэгэн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаагүй. Ердөө л хувь хүний хайхрал болгоомжгүйгээс үүдэн гарлаа. Нийт тоог авч үзвэл он гарсаар улсын хэмжээнд 23 суманд нийт 29 түймэр гарчээ. Онцгой байдлын ерөнхий газар, байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ойн түймэртэй тэмцэх чиглэлээр шат дараалсан олон ажлуудыг хийж байгаа ч энэ төрлийн дуудлага мэдээлэл тасрахгүй байгаа нь иргэдийн буруутай үйлдлээс шууд шалтгаалж байна гэж албаныхан халаглаж байна.
С.ГАЛТЗУЛ /ОБЕГ-ЫН ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН, ХОШУУЧ/
Ойн тухай хуулиар хавар 3-р сарын 20-ноос 6-р сарын 10, намар 9р сарын 20-ноос 11-р сарын 10ны өдрийг хүртэл хотоос гадуур амарч зугаалах, хөдөө гадаа явахыг хориглосон. Гэвч энэ мэтчилэн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гал алдан, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдийг холбогдох хуулийн дагуу шалгаж эхлээд байна.