Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өсөлттэй гарсан ч иргэдийн төлбөрийн чадвар сайжраагүй байна

Үндэсний статистикийн хороо оны эхний 1-ээс 3 сарын Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын тайланг өнөөдөр танилцууллаа. Оны эхний 3 сарын байдлаар төсөв ашигтай, үйлдвэрлэл өссөн, экспорт импорт нэмэгдсэн үзүүлэлтүүд гарсан бол хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, арилжааны банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн сөрөг үзүүлэлтүүд гарсан байна.

Оны эхний улирлын урьдчилсан үзүүлэлтийг харвал улсын төсөв 194,3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Төсөв ингэж ашигтай гарахад татваруудын орлогын өсөлт шууд нөлөөлсөн байна. Энэ үзэгдэл өмнөх оны сүүлээс эхлэн ажиглагдаж эхэлсэн бөгөөд экспорт, импортын хэмжээ өссөн үйлдвэрлэлийн орлого зэрэг нь улсын төсөв ашигтай гарахад нөлөөлжээ.

Д.БААСАН /ҮСХ-НЫ ЭЗС-ИЙН ГАЗРЫН СТАТИСТИКЧ/

Бүр тодруулбал оны эхний улиралд экспортын хэмжээ 19,5 хувиар өссөн бол импорт 13,7 хувиар өссөн байна. Экспортын өсөлтөд нүүрсний экспорт нөлөөлсөн бол импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүн буюу ДТ, машин механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сэлбэгийн импортын хэмжээ өссөн нь нөлөөжээ. Үүн дээр эдийн засаг хамгийн бодит өсөлтийг авчирдаг үйлдвэрлэлийн салбарын өсөлт бага ч гэсэн өсчээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 572,3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гэхдээ үүнд нөгөө л уул уурхай, олборлох үйлдвэрлэл голлох нөлөө үзүүлжээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд ингэж өссөн үзүүлэлт байгаа ч иргэдийн амьдралд энэ хэрхэн нөлөөлж байгаа нь чухал. Өрхийн орлогын хэмжээ аажмаар өсч байгаа ч өдөр тутмын бараа үйлчилгээний үнэ өссөн хэвээр байна. Тус үзүүлэлт оны эхний улиралд ч 0,7 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь иргэдийн орлогоч нэмэгдсэн ч зарлагаасаа дутуу хэвээр явах нэг шалтгаан болж байна.

С.БОЛОРМАА /ҮСХ-ны ХҮН АМ НИЙГМИЙН СТАТИСТИКИЙН ГАЗРЫН АХЛАХ СТАТИСТИКЧ/

Иргэдийн орлого зарлагаа гүйцэхгүй байгааг арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн үзүүлэлт ч давхар нотолж байна. Хэдийгээр улсын дунджаар өрхийн орлого цалин тэтгэврийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 2018 оноос ийнхүү өссөөр байгаа ч иргэд болон тэднийг ажлын байраар хангадаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлбөрийн чадварыг харуулах чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 1,1 хувь өмнөх оны мөн үеэс 51.4 хувиар тус тус өссөн байна. Бүхэлд нь дүгнэж үзвэл эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор хараахан нөлөөлж эхлээгүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн