Газар хөдлөлтөд тэсвэргүй 5-р сургуулийн барилгад 3500 хүүхэд хичээллэж байна.

Газар хөдлөлтөд тэсвэргүй 5-р сургуулийн барилгад 3500 хүүхэд хичээллэж байна. НМХГ-аас уг сургуулийг актлах дүгнэлт гаргасан. Харин зарим багш нар “Манай сургууль нурахгүй, битгий муу амлаад бай” гэлээ.

Ататуркийн нэрэмжит  тавдугаар сургуулийн хичээлийн  байр “хөгширч”, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон тул үйл ажиллагаа явуулах, ялангуяа хүүхдүүд хичээллүүлэх хориотой гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргаж, дөрөвдүгээр сарын 1-ээс тус сургуулийг актлах шийдвэрийг гаргасан байна.

Нийслэлийн 5-р сургууль нийт 3500 сурагчтай. Сургуулийг гадна талаас нь харахад шинэ баригдсан сургууль мэт харагдавч дотор болон ард хэсэгтээ цууралт үүссэн гэдгийг албаныхан хэлж байна. одоогоос хоёр жилийн өмнө турк улсын хөрөнгө оруулалтаар сургуулийн гаднах өнгөлгөөний фасатын засварыг хийж, гаднах орчныг тохижуулжээ.НМХГ-аас явуулсан нэгдсэн шалгалтаар тавдугаар сургуулийн барилга үндсэндээ газар хөдлөлтөд тэсвэргүй цаашдаа болзошгүй газар хөдлөлтөд нурах аюултай гэсэн  дүгнэлт гарчээ. Гэвч тус сургууль хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна.

У.ЁНДОН /НМХГ-ЫН БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ/

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрчим нэг баллаар нэмэгдсэн:. Үүнийгээ дагаад газар хөдлөлтийн давтамж нь ойртоод тоо нь олширч байна. Ийм нөхцөл байдалд болзошгүй газар хөдлөлт болох магадлал тун өндөр. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах ёстой. 5-р сургуулийн 3500 орчим сурагчийн аюулгүй тайван орчинд сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгааг эндээс харж болно. Энэ талаар нийслэлийн боловсролын газраас тодруулахад “мэргэжлийн хяналтын газраас актлах дүгнэлт ирсэн. Боловсролын яаманд сургуулийн барилгыг шинэчлэх саналаа хүргүүлсэн байгаа. Одоогоор сурагчдыг ойролцоо сургуульд хичээллүүлэх, түрээсийн байр хайх зэрэг судлагааны ажлуудыг хийж эхлээд байна”гэж хэллээ. Харин бид 5-р сургуулийн нөхцөл байдалтай танилцахаар очсон боловч биднийг дотогш нэвтрүүлсэнгүй. Зарим багш нарын хэлж байгаагаар газар хөдлөхөд манай сургууль нурахгүй гэсэн итгэлтэй байна гэж байсан юм. Бид энэ талаар эргэн сурвалжлана.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн