Улсын хэмжээнд 90 гаран мянган өрх толгойлсон эцэг эх байна. Салсан гэх шалтгаанаараа хүүхдийг эцэг эхтэй нь уулзуулахгүй байх эрх хэнд ч байхгүй.
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн. Энэ хэрээр хүүхдийн эрх зөрчигдөж, эцэг эхийнхээ халуун өвөрт эрхлэх ёстой бидний үрс өнчин сэтгэлээр амьдралыг туулж байна. Өнгөрсөн оны байдлаар 4200 гаран өрх, албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ.
Шүүхээр гэр бүл цуцлуулахад хүүхэд асрах, тэжээн тэтгэхтэй холбоотой ямар нэг нэхэмжлэл гаргаагүй бол хүүхдийн асуудлыг шийдэхгүй орхидог. Өөрөөр хэлбэл гэр бүл салахад хүүхдийг эцэг эхийн хэнд нь үлдээх ёстойг шийдвэрлэдэггүй гэсэн үг. Гэр бүл цуцлалтын дараа хүүхдийн тэтгэмжийн төлөлт, үүргийн талаарх хараа хяналт байхгүйн улмаас хүүхэд хохирдог. Улсын хэмжээнд 90 гаран мянган өрх толгойлсон эцэг эх бий. Харин шүүхийн шийдвэрийн дагуу 11 мянга гаруй эцэг эх хүүхдэдээ тэтгэмж олгож байна. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодрууллаа.
Гэр бүл салалт бол зөвхөн нэг болоод өнгөрөх үзэгдэл, үйл явдал биш. Энэ нь гэр бүлийн цаашдын амьдралд гүн гүнзгий сүүдрээ тусган үлдээдэг. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа иргэний хэргүүд дотор гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг сүүлийн таван жилд тасралтгүй нэмэгдсэн нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Гэрлэлт цуцлахад хамгийн түрүүнд хүүхдийн эрх ашиг хөндөгддөг.
Хэдийгээр шүүхийн дагуу тэтгэмж тэтгэлэг тогтоож, эд зүйлс, хэрэглээний мөнгөөр тусалж дэмжиж болох ч, хүүхдийн сэтгэлийн шарх, өнчрөл гутралыг юу ч нөхөж чадахгүй. Хуулиар эцэг эх байх эрхийг нь хасаагүй л бол хүүхдээ тэжээн тэтгэхээс эхлээд, хайр энэрлээр дутаахгүй байх үүрэгтэй. Харин эцэг эхийн аль нэг нь салсан шалтгаанаар шалтиглаж үр хүүхдээ тоолгүй орхих болон хүүхдийг уулзуулахгүй байх зэргээр хязгаарлаж болохгүй гэдгийг албаныхан анхааруулж байна.