17 настай жирэмсэн эмэгтэй 6-н давхраас унаж, амиа алдлаа
Өчигдөр оройн 22 цаг 40 минутын үед ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 17 настай жирэмсэн охин 6 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Урьдчилсан байдлаар жирэмсэн эмэгтэйг амиа хорлосон гэж үзэж байна.
Өндрөөс унасан бүсгүйг А гэдэг 17 настай байжээ. Өчигдөр 16 цагийн орчимд ус нь гарч, ЭХЭМҮТ-ийн төрөхийн өмнөх өрөөнд хэвтсэн байна. Нэг үгээр бол өнөө маргаашгүй төрөх дөхсөн байжээ. Ингээд бүсгүй тухайн оройн 22 цаг 40 минутын орчимд гэрийнхэн нь сахиж байгаад түр гарсан хойгуур мөн хамт хэвтэж байсан эмэгтэйг ургийн бичлэг хийлгэхээр явсан үед 6 давхараас унасан байна. Бүсгүйг цонхоор 2 хөлөө гаргаад сууж байхыг харсан Чингэлтэй дүүргийн 2 р хэлтсийн хорооны цагдаа, ахлах ахлагч Н. Наянбаатар авхаалж салбаа гаргаж, машинд байсан дээлээрээ тосон авч, унаж байгаа хүчийг бууруулсан ч хүүхэд нь амьгүй төржээ.
А бүсгүйг шөнийн 1 цагийн үед гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, гэмтлийн нарийн мэргэжлийн эмчилгээг хийсэн боловч хавсарсан гэмтэлтэй байсан тул өнөөдөр өглөөний 7 цагт амиа алдсан байна. Цагдаагийн байгууллага урьдчилсан байдлаар амиа хорлолт гэж үзэж байна. Одоо хэргийг баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.