Дотоодын үйлдвэрлэл, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж төсөл хэрэгжүүлэхээр боллоо
ХОРШООЛСОН ХЭЛБЭРЭЭР НОГООНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ЗАМААР ӨРХИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн гэрээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Азийн хөгжлийн банкны ядуурлыг бууруулах японы сангаас санхүүжүүлэх энэ төсөл 2022 он хүртэл төв аймгийн борнуур, дархан-уул аймгийн орхон, увс аймгийн улаангом, сэлэнгэ аймгийн ерөө сумдуудад хэрэгжүүлэх юм. Төслийг зохион байгуулагчид хүнсний ногооны тариалалтыг дэмжсэнээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж үзэж байгаа юм байна.
Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг бэхжүүлж, хүнсний ногооны тариалагч иргэн, аж ахуй нэгжийг дэмжин дуслын усалгааны технологи нэвтрүүлж, өвөл зуны хүлэмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрлэлийг бүрэн дэмжиж чадна.
Хамгийн гол нь төслийн хүрэх үр дүн нь хоршоо хэлбэрээр ажиллах ногоочдын бүлгийг байгуулж, тэднийг чадавхжуулах болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногооны аж ахуй эрхлэх технологи, туршлагыг нэвтрүүлэх юм. Мөн төслийн зүгээс ногоочдын бүлгүүдийг зах зээлтэй холбох, хамтын эзэмшлийн зоорь, агуулах, хүнсний ногоо боловсруулах цех барьж аймгийн төвүүд болон төв аймаг улаанбаатар чиглэлийн зам дагуу хүнсний ногоо борлуулах жижиг цэгүүдийг нээн, ногоочин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлнэ.