Эх орон гэх үнэт зүйлээ өнгөлж, тордож, дэлхий дахинд эерэг дүртэй дараагийн үедээ үлдээх нь монгол хүн бүрийн үүрэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Франц Улсад төрийн айлчлал хийлээ.
Энэ нь Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн айлчлалын дараахан хийж буй хариу айлчлал юм. Хоёр улсын Ерөнхийлөгчид анх удаа харилцан төрийн айлчлал хийсэн нь түүхэн үйл явдал боллоо.
Урьд цагт 1252 онд Людвик IX хааны зарлигаар Францын Эзэн хааны элчин төлөөлөгчөөр Виллиам Дэ Рубрук Их Монгол улсын нийслэл Хархорумд анх ирсэн нь манай хоёр улсын түүхэн хэлхээний эхлэл байв. Энэ үеэс хойш 800 орчим жил өнгөрч, Франц Монгол улсын төдийгүй дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарсан. Ялангуяа манай улс тарж, бутарч, бутарснаа нэгтгэж, хүнд хэцүү үеийг туулсан ч эх орны минь гал голомт унтарсангүй, эрх чөлөөт, тусгаар тогтносон улс хэвээр оршиж байна. Гагцхүү өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанд тэсэж үлдэх л хэрэгцээ бидэнд бий.
20-р зуун бол шинжлэх ухаан, техник технологи, аж үйлдвэр үсрэнгүй хөгжсөн, хүн төрөлхтний оргил үе байв. Гэхдээ нөгөө талаараа байгаль дэлхийд асар их хор хөнөөл учруулж, геополиткийн асуудлууд дээд цэгтээ хүрсэн, харгис техногенийн зуун байсан. Тиймээс 21-р зуунд дэлхий энхтайван, эв нэгдэл рүү тэмүүлэхээс гадна шинжлэх ухаан, технологийн ололтуудаа зөв зүйлд ашиглахыг зорьж байна. Энэ цаг үед улс орон хөгжин цэцэглэх, амар тайван амьдрах нь гадаад харилцааны уур амьсгал, баримталж буй бодлоготой нягт холбогдоно.
Дээр дурдсанчлан дэлхий дахин энх тайванд тэмүүлсэн ч улс хоорондын зөрчил, хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлууд гарсаар байна.
Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ гэдэг шиг монголчууд дэлхий дахинд, хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хувь нэмэр оруулж, гадаад харилцаагаа өргөтгөн хөгжүүлэх цаг ирсэн.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад харилцаа, хамтын ажиллагааг эерэгжүүлэх олон алхам хийж буй нь цаг үеэ олсон үйл хэрэг юм. Тэрээр Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдоод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд олон улсын хурал уулзалтад идэвхтэй оролцон, хөгжлийн дүр зургийг тодорхойлогч улс орнуудтай төрийн түүхэн айлчлалуудыг хийж Монгол гэдэг улс энэ дэлхийд оршин тогтнож, хүн төрөлхтний төлөөх ажил хэргүүдийг манлайлж буйг сануулсаар байна.
Үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд энэ эрчээрээ ажиллавал Монгол Улсын гадаад харилцаанд томоохон сэргэлт бий болох нь тодорхой.
Өмнө нь Монголчууд дэмжлэг хүсдэг, зээл авахыг л зорьдог байсан бол энэ удаагийн айлчлалууд харилцан ашигтай нөхцөлийг санал болгосон, хамтран ажиллах томоохон гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурж, эхлүүлсэн, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийнхээ хаяаг тэлсэн, эдийн засаг, улс төр болон олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр төрийг өргөсөн айлчлалууд болж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнүүд нь дэлхий дахинд үлгэр жишээ болж, өндрөөр үнэлэгдэж эхэлсэн. Учир нь хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хомсдол, өлсгөлөн зэрэг асуудал томоохон даваа болжээ. Улс орнууд асуудлаа ярьж байхад, Монгол Улс аль хэдийн шийдэл олж, хэрэгжүүлж байгаагаа дэлхийн индэрт буюу НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад зарласан нь ихээхэн нэр төрийн хэрэг байв. Айлчлал хийсэн улс орнууд ч дээрх хөдөлгөөнүүдийг онцолж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.
Тухайлбал айлчлалын үеэр Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон: -“… сэргээгдэх эрчим хүч, хүнсний бие даасан бүрэн эрхт байдал бол улс орны гол хүч. Танай улсын хөдөө аж ахуй, цөлжилттэй тэмцэх ажлыг дэмжиж, зохион байгуулж буй 2026 оны уулзалтад шинэ хэтийн төлвийн дагуу ажиллана.” хэмээсэн.
Дээрх үндэсний хөдөлгөөнүүд “ҮНДЭСНИЙ” гэсэн байтал яагаад дэлхий дахинд үнэлэгдэх болсон нь сонирхол татах байх. Үүний гол учир нь зорилго, хүсэж буй үр дүнтэй нь холбоотой.
Өнгөц харахад монголын ард түмэн өлсөхгүй байх, эрүүл, таатай орчинд амьдрах зорилготой мэт боловч хүн төрөлхтний хүнсний хангамжид хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь гол алсын хараа нь юм.
Хөгжил дэвшлээрээ гавихгүй ч, хүн төрөлхтний хүсэмжит эх орон минь
Мөн айлчлалын үр дүнд Франц-Монгол улсын хамтын ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Энэ завшааныг манай улсын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид овжноор ашиглах боломж арвин байлаа. Зөвхөн уул уурхай бус хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, инженер технологи гэх мэт салбарын 70 орчим байгууллагын 100 гаруй бизнес эрхлэгчид айлчлалын бүрэлдэхүүнд багтсан.
Тухайлбал Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Франц дахь Монголын элчин сайдын яам нар хамтран “Франц-Монгол бизнес форум” зохион байгуулж хоёр улсын 200 гаруй бизнес эрхлэгчид оролцон, хамтын ажиллагааны эхний уулзалтуудаа амжилттай хийсэн юм.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын 30 гаруй бизнес эрхлэгчид шөнийн 03:00 цагт босон Франц улсын төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогдох “Ранжис” хүнсний зах, Кластер мөөгний үйлдвэр, Сургалт, ферм хосолсон практик төвүүдтэй танилцан, мэдлэг туршлагаас нь судалж, нэг өдрийг оюуны олз дүүрэн өнгөрүүлэв.
Франц улс хөдөө аж ахуйн хөгжил дэвшлээрээ Европдоо “толгой цохидог”. Иймд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах олон арга зам бий. Ялангуяа тус улсын хөдөө аж ахуйн салбарын техник технологи, тоног төхөөрөмжийн дэвшлээс суралцах нь хамгийн эхний алхам. Мөн үйлдвэрлэгчид “Ла бергери нэшионали” сургалт, ферм хосолсон төвтэй танилцах үед тус сургуулийн оюутан сурагчдыг монголд ирж суралцуулах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа сургалтын төвийн захирал Элизабет Лескоат хэлж байв.
Мөн айлчлал өндөрлөх өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болж түүхэн үйл явдлын бас нэгэн өнгө болов.
Дөрвөн өдөр үргэлжилсэн айлчлалыг бүхэлд нь дүгнэхэд монголчууд өсөж, хөгжиж, дэлхийд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадаж байгаа ард түмэн юм байна гэдгийг бахадлаа. Бид хэт өндөр хөгжилтэй улс орнуудтай өөрсдийгөө жишиж, гутрах биш тэднээс суралцах ёстой. Хамгийн гол нь бид гоё ганган барилга, тансаг орчноороо гавихгүй ч бүхий л хүн төрөлхтний хүсэмжилдэг амар тайван байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг олж авсан ард түмэн. Асар их үнэ цэнээр бидэнд үлдээсэн эх орон гэх үнэт зүйлээ өнгөлж, тордож, дэлхий дахинд эерэг дүртэй дараагийн үедээ үлдээх нь монгол хүн бүрийн үүрэг.