Газар тариалангийнхаа суурин дээр эрчимжсэн үхрийн аж ахуй бий болгожээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023.09.30-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрлах Газар Агро ХХК-ийн жишиг үхрийн аж ахуйтай танилцлаа.
Эрчимжсэн мал аж ахуйн жишиг фермер болсон Газар Агро ХХК нь 2008 оноос эхлэн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд жилдээ 1900-2000 га талбайд тариалалт хийдэг түүний 80 орчим хувьд нь улаанбуудай тариалж байна.
Газар тариалангийнхаа суурин дээр мал аж ахуйгаа хөгжүүлэн 2012 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт нь махны чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг байгуулжээ.
Тус аж ахуйн хувьд үхрээ тэжээх тэжээлээ тариалдаг, мөн Абердин ангус, Казакийн цагаан толгойт, ОХУ-аас Герефорд үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж, орон нутагт ажлын байр бий болгож байна.
Тухайлбал МОНГОЛ орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож , нутагшсан махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах , герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлж байна.
Газар Агро ХХК-ийн захирал Д.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн асар өндөр ач холбогдолтой, алсыг харсан бодлого гэж харж байна. Идэж уухаа айлаас гуйхгүй өөрсдөө болгодог байя гэх нь сонсоход жижиг мэт боловч улсын аюулгүй байдал яригдаж байна. Хэн нэгнээс хараат бус орчин бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал. Бид энэ хөдөлгөөн, санаачилгыг улсаараа дэмжиж, нэгдэн оролцох ёстой. Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдал гэдэг дан ганц идэж уух асуудал биш, түүнийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч, аж ахуй нэгж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Үйлдвэрлэгч өөрөө эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангасан цагт хүнсээ эрүүл байлгаж, хүнсний аюулгүй байдал хангагдана гэж бодож явдаг хэмээн хэлэв.