КИМ СОН ЧЁЛ: Дэлхийн хаана ч байхгүй амт чанартай жимс, ногоо зөвхөн Монголд ургана


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг санаачилж, орон даяар хэрэгжүүлээд нэг жил зургаан сар болж байна. Тэрээр энэ хугацаанд өөрийн биеэр манлайлал үзүүлж хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллан баялаг бүтээгч иргэд аж ахуй нэгжийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна.

Монгол Улсын Eрөнхийлөгч (2023.09.29) Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах Бялхам ивээл ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд Бялхам ивээл ХХК-ийг 2007 онд байгуулсан. Нийт 3 га ашигтай талбай бүхий 90 хүлэмжид (зуны 66, үрсэлгээний 24 хүлэмж), задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байна. Мөн монголын хөрсөнд тарьж ургуулах боломжтой цагаан будааны шинэ сорт гарган авах судалгааны ажил эхлүүлээд байна. Тус компанийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн хүлэмжийн болон дагалдах тоног төхөөрөмж гаалийн импортын татвараас чөлөөлөгджээ.

Ким Сон Чёл: Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн болон бодлого, дэмжлэгүүд нь цаг үеэ олсон дэмжлэг байж чадсан. Монгол Улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой. Монголын уур амьсгал, байгалийн онцлог өөрөө маш эрүүл, хөрс нь шим тэжээл, эрдсээр дүүрэн учир дэлхийн хаана ч байхгүй амттай жимс, ногоо зөвхөн Монголд ургана. Тухайлбал, Солонгос улсад бол цаг агаар чийглэг, халуун уур амьсгалтай учир элдэв шавж, хорхойноос жимс ногоогоо зайлшгүй хамгаалах шаардлагатай болдог. Нэг үгээр хэлбэл ямар нэг бодис цацаж хамгаална гэсэн үг. Харин Монголын эрс тэс уур амьсгал, сэрүүн цаг агаар нь өөрөө ногоо ургамал өөрөөрөө ургах, элдэв шавж үржих боломжгүй, тэсвэргүй болгодог учир ямар ч бодисгүйгээр тарьж ургуулж байна. Будаа, тарвас, амтат гуа, үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, кимчи байцаа, эрдэнэшиш, хаш, бүдүүн ногоон сонгино, сармис зэрэг гол ногооноос гадна бусад оронд ургадаг жимс ногоог ч тарьж болно. Банана ч ургах боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож эхэлсэн. Мөн хүнсний үйлдвэрүүдийн оруулж ирж буй тоног төхөөрөмжийг 100 хувь хил гаалийн татвараас чөлөөлж байна. Тоон үзүүлэлтээр хэлбэл, одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүд 450-аад тэрбум төгрөгийн зээл авсан байна. Үүнээс газар тариалангийн салбарт 150 тэрбум, хүнс үйлдвэрлэлийнхэнд 160-аад тэрбум, мал аж ахуйн салбарт 27 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Одоогийн байдлаар гурван зуу гаруй тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Энэ намартаа багтаж 982 тэрбум төгрөгийн зээл олгоно. Бид шат дараатай арга хэмжээ авснаар ирэх таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсийг дотоодоосоо 100 хувь хангадаг болох, цаашлаад бүс нутагтаа экспортлогч орон болох боломжтой. Дотоодынхоо хүнсний хангамж, аюулгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд гаргасан бодлого шийдвэр нь өөрөө 30 жилд хийгдэж байгаагүй төсөвтэй, зээл, хөнгөлөлт, татвар, гааль, НӨАТ гээд үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг шийдэж чадсан учир аж ахуй нэгжүүд маань дотооддоо хүнсээ хангах, цаашлаад экспорт руу гарна гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалын төгсгөлд тус компанийн хамт олон болон Доктор Ким Сон Чул монголын хөрсөнд ургахгүй ногоо үгүй гэдгийг үлгэрлэн харуулж Монгол улсын иргэдэд эрүүл, аюулгүй, баталгаатай хүнсийг хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг талархал илэрхийлж, Хүнсний Хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид рүү чиглэсэн төрийн дэмжлэг биелэлээ олж буйг сайшаалаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн