Хүнээ эрүүл байлгахын тулд хөрсөө эрүүл байлгах ёстой
Хүнсний хувьсгал өрнүүлэх зорилгоор УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч KOPIA Монгол төв 2023 оны хагас жилийн талбайн мониторинг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр тус төвийн захирал У Мён Гү болон Удирдах хорооны гишүүд, 50 орчим мэргэжилтэн, судлаачдын хамт газар тариалан, судалгаа, шинжилгээний хэд хэдэн талбарт ажиллалаа.
КОПИА Монгол төв нь Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2014 оноос эхлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нийт 20 орчим төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү төслүүдийн хүрээнд БНСУ-ын ХАА-н дэвшилтэт технологийг нутагшуулах, үр тариа, тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баримталж буй хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл хэмээх бодлогын суурь болох хөрсийг эрүүл байлгахад тус төвийн дэмжлэг, оролцоо их.
Дээрх үйл ажиллагааны үеэр ХХААХҮЯ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Копиа монгол төв, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан ногоон бордуурын таримлыг ашиглан буудайн үрийн чанар болон үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Ногоон бордуурийн таримал сорих, хөрс ургамалд үзүүлэх нөлөөг тогтоох нь” сэдэвт талбайн сургалт өдөрлөг болж өнгөрлөө.
Хөрсний үржил шим буурч, уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй өнөөгийн нөхцөлд ногоон бордуурт уринш хийж, тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан хөрсөө хамгаалах нь нэн чухал асуудал болсонг үйл ажиллагаанд оролцсон эрдэмтэд онцолж байв.
Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, ургац бүрдүүлэхэд шаардлагатайшим тэжээлийн бодисоор хөрсийг баяжуулах, өөрөөр хэлбэл хөрсний өгөөжит үржил шимийг дээшлүүлэх зорилгоор буурцагт болон бусад ургамлыг тариалж түүний газрын дээрхи иш, навч зэрэг ногоон массыг хөрсөнд булж бордох нь хөрсний физик химийн шинж чанарыг сайжруулан улмаар хөрсний чийгийг нэмэгдүүлэх боломжтой. Хөрс ийнхүү эрүүлжсэнээр бидний хүнс тэжээлийн гол үүсвэр болох газар тариалан, мал аж ахуйн салбар ч эрүүлжих нөхцөл бүрдэнэ.
Хөрс гурван хэмжээнст орон зайг эзлэн оршиж байнгын хөдөлгөөнд орж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд биет, хүн төрөлхтний амьдралын амин орчин, эх дэлхийн үнэт нөөц баялаг юм. Хүн төрөлхтөн нийт хэрэгцээт зүйлсийнхээ 90 гаруй хувийг хөрснөөс бий болгодог.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хоёр өдрийн хугацаанд 10 орчим газар тариалан, үр үйлдвэрлэлийн туршилтын талбайд очиж ажиллан, Копиа монгол төвийн хамт олонтой цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг урьдчилсан байдлаар ярилцаж, хөрс хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжихэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.