Цөөхөн хүн амтай манай улс хөгжихийн тулд биеийн бус оюуны хөдөлмөрт түлхүү шамдах ёстой
Монголын эдийн засгийн 14 дэх удаагийн чуулган Монголд зочлох жилийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн эдийн засгийн форум нь ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын үеэр болж байгаагаараа онцлог төдийгүй дотоод, гадаадын нийт 2200 орчим төлөөлөгчид оролцож байгаа юм.
Форумын үеэр үндсэн болон салбар хэлэлцүүлгүүд явагдахаас гадна оролцогчид манай улсын хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчинтой танилцах, үндэсний урлаг, өв соёлын илэрхийлэл бүхий олон талт арга хэмжээнүүдэд хамрагдана.
Тус форумын хүрээнд “Шинэ үйлдвэрлэл- Хүнсний үйлдвэр” сэдэвт салбар хуралдаан болж, Монгол Улсын үйлдвэр, үйлчилгээний болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар хөндлөө.
Уг хэлэлцүүлэгт:
- Монгол Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин,
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын суурин төлөөлөгч Винод Ахужа,
- Занаду Разорбак компанийн үүсгэн байгуулагч Жереми Тийссэн,
- “Тэсо Групп”-ын Гүйцэтгэх захирал С.Болор нар панелистаар оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг онцолж байсан юм. Учир нь эх орныхоо хэрэгцээг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, экспортлогч улс болох зорилготой тус хөдөлгөөний гол хэрэгжүүлэгчид буюу дэмжлэг олгох зорилтот бүлэг нь үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид байна.
Эх орондоо “Хүнсний хувьсгал”-аа ч хийнэ, давхар нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох, бүтээгдэхүүн хийж, эдийн засгаа ч услах олон цогц шийдэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнд бий. Мөн манай улсын нийт экспортын 90 хувь нь уул уурхайн буюу нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэсэн цөөн тооны бүтээгдэхүүн дээр тогтож байна. Гэвч бидэнд гаднын улсуудад экспортлох боломжтой, хүнс, хөдөө аж ахуйн салбарын олон бүтээгдэхүүн байгаа гэдгийг баялаг бүтээгчдийн төлөөллүүд хэллээ.
Монголчууд бид цөөн хүн амтай учир биеийн хөдөлмөрөөс илүү оюуны хөдөлмөрт шамдах нь үйлдвэр, үйлчилгээний салбарыг ч, эдийн засгийн салбарыг ч хүчирхэгжүүлэх гол “хүзэр” болно. Үйлдвэр эрхэлж байгаа, баялаг бүтээж багаа хүн гэхээр л биеийн хүчний ажил хийдэг гэх ойлголт нь өрөөсгөл. Харин үйлдвэрээ яаж хөгжүүлэх, ямар бүтээгдэхүүн хийж онцгойрох, дэлхийн шилдэг брэнд бий болгохын тулд сууриа яаж тавих вэ гэх мэт олон зүйлд оюунаа уралдуулж байх ёстой гэдгийг хурлын үеэр онцолж байв.