Хүнсний хувьсгалын хэрэгжилтийг сааруулахгүйн тулд, хяналт тавих ажлын хэсгүүдийг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөний хүрээнд УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг батлан гаргасан бөгөөд 40 орчим төрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм.
“Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн жил гаруйн хугацаанд олон үр дүнд хүрч, шуурхай хэрэгжиж буй нь үйлдвэрлэгчид болон олон нийтийн сайшаалыг хүртэж эхэлсэн. Гэвч хамтран хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын идэвх саарч, үр дүн багасах эрсдэлтэй гэж үзсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр ажлын хэсэг байгууллаа. Үүнд:
• Тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярыг ажлын хэсгийн ахлагчаар томиллоо.
• Тогтоолын арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг хүрэх үр дүнтэй нь уялдуулан өөрчлөлт оруулах, тухайн жилийн хүрэх түвшинг тодорхой болгох ажлын хэсгийг байгуулж,ахлагчаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайг томиллоо.
Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжыг бүрэн эхээр нь хүргэж байна.