ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН II УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ



"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2023.06.27/ Төрийн ордны Сүхбаатар танхимд зохион байгуулагдаж байна.

Зөвлөлдөх уулзалтад:
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар,
  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У. Бямбасүрэн,
  • Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар,
  • Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн,
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч яамд, төрийн байгууллагуудын удирдлагууд оролцож байна.


Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дарга үг хэллээ.

Тэрээр "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар танилцуулсан илтгэл, хяналт, шинжилгээний хэрэгжилтийн тайлангаас дүгнэхэд тогтоолын нийт арга хэмжээний 59.6%-ийг хангалтгүй хэрэгжсэн арга хэмжээ эзэлж байгаа нь 76 арга хэмжээний үр дүнд тавигдах шалгуур үзүүлэлтийг тоогоор буюу чанарын үзүүлэлтээр тодорхойлоогүй, жилийн хүрэх түвшин тодорхойгүй байгаатай холбоотой байна.

Цаашид хөрөнгө оруулалтын зээлээр хичнээн бүтээн байгуулалт хийгдэж, техник, технологи нэвтэрч, эргэлтийн хөрөнгийн зээлээр хичнээн тоо, хэмжээний бүтээгдэхүүн шинээр болон нэмэлтээр үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдсэн эсэхийг бодитоор тайлагнаж, ажиллахыг холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай.

Тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс 2023 он гарсаар өнөөг хүртэлх хугацаанд 1000 гаруй баялаг бүтээгч нартай уулзаж, 2 удаагийн томоохон хурал зөвлөгөөн, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, амьд шийдвэр гаргах зорилгоор 61 үйлдвэр аж ахуйн нэгжтэй танилцаж, баялаг бүтээгч нарын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 400 гаруй оролцогч бүхий танилцах 7 удаагийн тур аялал, төрийн 11 байгууллагатай хамтран 8 удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулан тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ажиллалаа.



Олон улсын байгууллагуудын судалгаа, дүн мэдээгээр цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас илүүтэйгээр цаашид дэлхийн 8 тэрбум хүний хүнсний хангамж, аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсаар байгаа билээ.

Иймд бид бүхний өмнө хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилтот ажилтай зэрэгцэн яаралтай, оновчтой, тодорхой шийдвэр гаргах, эрсдэлийг давах, олон шалгуурт ажлууд гарч болзошгүй гэдгийг анхааран олон улсын хүнсний хангамж, уян хатан нийлүүлэлт, аюулгүй байдлын тогтолцооны бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаатай мөр зэрэгцэн ажиллахын тулд хувь хүний хичээл зүтгэл чухал гэдгийг онцоллоо.



Өмнөх 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтаар 36 дугаар тогтоолыг эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн сахилга батыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон бол 2 дахь удаагийн уулзалтаар дараах үндсэн 2 асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын эхний жилийн /2022-06-17-ноос 2023-06-17 хүртэлх/ хэрэгжилтийн явц
  2. 36-р тогтоолыг эрчимжүүлэх зорилго бүхий 2023 оны Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 63 дугаар тогтоолын төлөвлөлт, хэрэгжилтийн явц

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн