Төрийн бодлого, үйлдвэрлэгчдийн хүч хөдөлмөр, ард түмний сонголт бол шадар гурван цэрэг юм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Баялаг бүтээгч- бизнес тур" аяллыг 5 дахь удаагаа зохион байгууллаа.
АРГА ХЭМЖЭЭНД:
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
-
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах Газрын дарга Д.Довчинсүрэн,
-
"Хаан банк"-ны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар,
-
"Михачи" ХХК-ийн Үүсгэн байгуулагч Томоко Ибукуро,
-
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан, мөн 50 гаруй үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал нь хүн төрөлхтний хүнсний хангамж, аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын байгууллагуудын судалгаанаас үзэхэд 2023 онд хүн төрлөхтний өмнө ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэн тулгамдсан асуудлаар нэрлэжээ. Эдгээр нь эцсийн дүндээ хүн төрөлхтний хүнсний хангамж, аюулгүй байдалд нөлөөлөх юм. НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байсан бол энэ тоо ганцхан жилийн дотор 40 сая хүнээр өсжээ.
Иймд импортын хүнсний бүтээгдэхүүнээс шууд хамааралтай буюу хүнсний хангамж өндөр эрсдэлтэй байдаг манай улс үйлдвэрлэгчдээ түшиглэн эх орондоо "Хүнсний хувьсгал" хийхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга дор нэгдсэн. Нэг жилийн дотор төрөөс гарах ёстой бүх бодлого, шийдвэр гарч, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг ч эхлүүлсэн.
Үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн нь нэг зоосны хоёр тал учир Ерөнхийлөгчийн Тамгын Газар үйлдвэрлэгчдэд чиглэсэн олон ажил зохион байгуулсаар байна.
Үүний нэг нь тэднийг чадавхижуулах, оюунд нь хөрөнгө оруулалт хийх, бизнесийг нь хөгжүүлэх “Баялаг бүтээгч-бизнес тур” аялал юм. Цуврал аялалд давхардсан тоогоор нийт 250 үйлдвэрлэгч 15 үйлдвэртэй танилцаад байна.
Мөн 20 гаруй хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, 10 орчим шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэхээр судалгаа, туршилтын ажил эхэлжээ. Өөрөөр хэлбэл “Хүнсний хувьсгал” дор үндэсний үйлдвэрлэгчид нэгэн цул болж, ард түмнээ гарал үүсэл нь тодорхой, эрүүл, чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажил өрнөж буй.
Энэхүү “Баялаг бүтээгч-бизнес тур” аяллыг цаашид илүү баяжуулж, цар хүрээг нь нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тухайлбал орон нутгийн болон гаднын үйлдвэрүүдтэй танилцуулах, төрөл бүрийн сургалт, мэдлэг мэдээлэл өгөх хөтөлбөр нэмэх гэх мэт аялал бүрт улам сайжирч байгааг зохион байгуулагчид хэлж байв.
Монгол Улсад 73 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд 40 орчим хувийг эзэлж байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст төрийн дэмжлэг бага, асуудлыг нь шийдэх нь байтугай, сонсох албан тушаалтан ч тэр бүр байдаггүй байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлсэн нь өөрчлөлт, шинэчлэлтийн салхийг зөв тийш нь эргүүлсэн, том хүч болсон байна. Ганцхан жилийн хугацаанд монголын хүнс үйлдвэрлэлийн салбар тасралтгүй ахиж дэвшлээ.
Өнгөрсөн 30 жил үл тоогдон, муу нэртэй явсан ч цар тахлын хүнд цаг үед бүх ачааллыг үүрч, хүн амаа хүнсээр таслаагүй тэднийг төр засаг төдийгүй ард түмэн эерэгээр харж эхэлсэн нь “Хүнсний хувьсгал”-ын эхлэлийн цэг байсан. Нэг талдаа олон хүний эрүүл мэнд, амь насыг хохироосон цар тахал нөгөө талдаа хэзээ мөдгүй зогсох гэж байсан монголын үйлдвэрлэгчдийн зүрхэнд массаж болсон байж мэднэ.
Харин цар тахал намжин, импортын бараа бүтээгдэхүүнүүд дахин дэлгүүрийн лангууг дүүргэж эхлэхтэй зэрэгцэн Төрийн тэргүүн цаг алдалгүй хөдөлсөн нь энэ салбарынхны итгэл найдвар болжээ. Харин одоо энэ ажил талаар болох уу, амжилт олж, дотооддоо хүнсээ хангадаг, экспортлогч орон болох уу гэдэг нь ард түмний сонголтоос хамаарна.