Ард түмний тархинд хувьсгал хийж чадсан үед “Хүнсний хувьсгал” амжилт олно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилга гарган эх орныхоо хэрэгцээг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилготой Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн. Тус ажлыг шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэхэд анхаарч Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагуудад ажиллаж байна. Тухайлбал өнөөдөр /2023.06.08/ Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн Само Институтын үйл ажиллагаатай танилцан, эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг сонслоо.
1970 онд байгуулагдан, хагас зууны турш оршин тогтнож буй Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн Само Институт нь хүн амыг баталгаат хүнсээр хүртээмжтэй хангахад идэвхитэй оролцож, Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудлуудыг зах зээлийн эрэлттэй уялдуулан шийдвэрлэхэд үндэсний уламжлалт, ур ухааныг шинжлэх ухаан- технологийн ололт, дэвшилттэй зохистой хослуулан, бодитой хувь нэмэр оруулахаар зорин ажилладаг.
Само Институтын ахмад эрдэмтэд, залуу ажилтнууд бүхий судалгааны баг хамт олон Хүнсний хувьсгалыг дэмжиж, хэд хэдэн санал хэлж байв. Үүнд:
- Ард түмэнд хүнсний бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэл түгээх
- Хүүхдийн хоолонд онцгойлон анхаарах
- Хүнсний салбарт мэргэжлийн бус маш олон хүн ажиллаж эхэлсэн тул тэдэнд эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэхэд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
- Хүнсний үйлдвэрүүдийн төвлөрсөн түүхий эдийн хангамжтай болох
- Малаас гарсан түүхий эдээ бүрэн ашиглах
- Үйлдвэрлэгчид зах зээлд амжилт олохыг хүсэж байгаа л бол үйлдвэрийнхээ хаалгаар муу бүтээгдэхүүн нэгийг ч гаргаж болохгүй. Иймд үндэсний үйлдвэрүүдийн дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай гэх мэт олон асуудлыг хөндсөн юм.
Хүнсний аюулгүй байдал гэдэг нь дан ганц эрүүл ахуйн асуудал биш. Энэ нь өргөн цар хүрээтэй ойлголт. Ерөнхийлөгчийн энэхүү санаачилга бодит амьдралд биелэлээ олох эсэх нь ард түмний тархинд хувьсгал хийж чадах эсэхтэй шууд хамааралтай гэдгийг уулзалтын үеэр онцолж байв. Учир нь иргэдийн дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авах мэдлэггүй, хүнсний талаар буруу ойлголттой байдаг. Ядаж л савлагаан дээрх орц найрлага, чанарын баталгаа, он сар өдрийг харж худалдан авалт хийх нь өөрийнхөө эрүүл мэндэд төдийгүй “Хүнсний хувьсгал”-д оруулах маш том хувь нэмэр юм. Иймд ахмад судлаачид- “ард түмний тархинд хувьсгал хийсэн үед “Хүнсний хувьсгал” биелэлээ олж эхэлнэ” гэдгийг санууллаа.
Тус хамт олон “Хүнсний хувьсгал”-ыг олзуурхан хүлээн авч байгаа бөгөөд УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зохистой дадлыг нэвтрүүлэхэд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, шинээр баригдах хүнсний үйлдвэрүүдийн зураг төсөлд технологийн хяналт тавих, боловсон хүчнийг салбарын асуудалд дайчлан ашиглах, захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлууд гүйцэтгэх бүрэн боломжтой гэв.