УИХ гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнг Франц Улсын Үндэсний гавьяаны одонгоор шагналаа
УИХ гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зарлигаар Франц Улсын Үндэсний гавьяаны Хүлэгтбаатар зэргийн одон(франц: Ordre national du Mérite, англи: National Order of Merit)-гоор шагналаа.
Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Монгол дахь Францын Элчин сайдын яаманд зохион байгуулагдаж, Элчин сайд Сэбастиен СҮРҮН гардуулан өглөө.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний гавьяат эмч, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнг тус улсын эмч, судлаачидтай нягт хамтран ажиллаж, хоёр улсын хооронд сургалт, судалгааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, Монгол-Францын парламентын бүлгийн даргын хувиар хоёр улсын харилцааг өндөр түвшинд чанартай хөгжүүлж, идэвхтэй ажиллаж байгааг үнэлж Францын Засгийн газар төрийнхөө дээд шагналаар ийнхүү шагнасан байна.
Сонирхуулахад, Үндэсний гавьяаны Хүлэгтбаатар зэргийн одон (франц: Ordre national du Mérite, англи: National Order of Merit)-г Францын Ерөнхийлөгч Шарль де Голь 1963 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн зарлигаар баталж, байгуулсан бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнадаг Францын үндэсний гавьяаны одон юм. Улс орондоо иргэний болон цэргийн ололт амжилтаараа гавьяа байгуулсан францын иргэд, нэр хүндтэй хүмүүс, түүнчлэн олон улсын харилцаанд өндөр хувь нэмэр оруулсан гадаадын иргэд энэхүү одонгоор шагнуулдаг.
Шагнах шийдвэрийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Францын Засгийн газрын шийдвэрээр нэр хүндтэй хүмүүст зарлигаар олгогддог хэмээн элчин сайдын яамнаас мэдээллээ.
Жишээлбэл, Жак Ширак Францын Ерөнхий сайд байх үедээ болон алдартай далай судлаач Жак-Ив Кусто энэ шагналыг хүртэж байжээ.