ГАДНЫН УЛСУУДААС ТУРШЛАГА СУДЛАХ НЬ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТОМ ХЭЛБЭР ЮМ

19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспордлогч улс болох зорилготой ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгч “Хүн од” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Хүн од” компани нь Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцаар хөндөгдөж байсан 1992 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг юм. Нийт 100 орчим хүнийг ажлын байраар хангаж, 10 гаруй нэр төрлийн хиам, 14 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн 400 гаруй худалдаа, үйлчилгээний цэгт хүргэдэг.

Тус компани төрөл бүрийн хүнсний нэмэлтгүй, химийн гаралтай консервантгүй монгол махны уг чанарыг хэвээр хадгалсанэкологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэмлэж, чанарын албаны дотоодын микробиологийн лаборатори үйлдвэрлэлийн дамжлага бүрийн ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтыг тогтмол хийж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Манай орны эдийн засгийн өсөлт бага, инфляц өндөр хүчин зүйлээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдал хэтдээ ХАА-д хүнд тусахаар байна. НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна. Энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эх орондоо хүнсний хувьсгал хийх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд хагас жил болсон. Энэ хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг баталж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалтыг тусгасан. Ингэснээр дээрх хөдөлгөөн санхүүгийн хувьд ч, эрх зүйн орчны хувьд ч хэрэгжих нь баталгаатай болсон юм. Тиймээс манай баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид илүү их итгэл хүлээлгэж байна.

“Хүн од” ХХК-ийн Үйлдвэрийн менежер С.Оюун:

Манай компани ОХУ, Хятад, Герман, БНСУ зэрэг орнуудтай Монгол мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг тогтмол хийж харилцан ашигтай хамтран ажиллаж экспорт импортын үйл ажиллагаа явуулж байна. Монголчуудын дунд “тэнэг хүн үйлдвэрлэл эрхэлж, ухаантай хүн худалдаа хийдэг” гэх буруу ойлголт бий. Мэдээж үйлдвэрлэгч байх, тэр тусмаа хүнс үйлдвэрлэгч байна гэдэг хэцүү. Гэвч бид эх орондоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулдаг. Баялаг бүтээгч бидэнд санхүүгийн дэмжлэгээс илүү үйлдвэр, үйлчилгээний салбар хөгжсөн улсаас туршлага судлах, харилцаа холбоо үүсгэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэж боддог. Удаан хугацаанд орхигдоод байсан үйлдвэр эрхлэгчдийг Монгол Улсын төрийн тэргүүн санаачилга гарган дэмжиж байгаад талархаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн