ЭХ ОРОНДОО ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ХИЙХ АЖИЛД “УРГАЦ” БРЭНД НЭГДЛЭЭ
2022 оны 06 сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Ургац” гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Од Групп ХХК нь 2010 онд Улаанбаатар хотноо Швейцар улсын дэлхийд тэргүүлэгч ” BUHLER ” компаний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжийг суурилуулан дотооддоо “Ургац” гурил үйлдвэрлэж нийт гурилын зах зээлийн 25-30%-ийг ханган нийлүүлж байна.
Тус үйлдвэр нь хоногт 300 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай, Монголдоо цорын ганц босоо шугамтай үйлдвэр бөгөөд, усыг маш бага хэмжээгээр буюу буудайнд чийг өгөх төдийгөөр хэрэглэж, үйлдвэрлэлийн явцад бохир ус гардаггүй, тоос шороог шүүж цэвэрлэх давхар шүүлтүүрийн системтэй, байгаль орчинд ээлтэй ЭКО үйлдвэр юм.
Монгол улсын өнцөг булан бүрт байгаа айл өрхүүдэд чанартай, эрүүл эко хүнсийг хүргэх зорилготой тус хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгч болон ЕТГ нийлээд 90 орчим үндэсний үйлдвэрүүдтэй танилцаж, санал хүсэлтийг нь сонссон. Учир нь эх орондоо хүнсний хувьсгал хийх зорилгоор УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан бөгөөд үүнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих заалтууд түлхүү бий. Тухайлбал мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох гэж заасан. Өнөөдөр ирж танилцсан “Ургац” гурилын үйлдвэр ч бас дээрх заалтад хамаарна. 2023 онд үр тариа, тосны ургамлын экспортын хомсдол 24 сая тонн, түүхий нефтийн үнэ 100 ам.доллар/баррель байхаар тооцвол дэлхийн зах зээл дээрх улаан буудайн үнэ 8.7 хувиар өснө гэх таамаг гарсан. Дэлхийн үр тариа, тосны ургамлын зах зээл илүү хүнд цохилт амсвал улаан буудайн олон улсын үнэ аль хэдийн өндөр байсан суурь түвшинтэй харьцуулахад 21.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Яг энэ цаг үед “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр бид дотооддоо улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан. Одоо өөрсдөө боловсруулж, цаашлаад бүтээгдэхүүн болгох шаардлага бий.
“Ургац” гурилын үйлдвэрийн Ээлжийн ахлах Н.Мөнхтайван:
Манай үйлдвэр нэг ээлжиндээ 13 хүн ажилладаг бөгөөд сард 7,8 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Бидний зорилго бол Европ чанарыг монголд нэвтрүүлэх юм. Энэ хүрээнд тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр манай үйлдвэртэй танилцаж, зарим эрх зүйн боломжуудын талаар мэдээлэл өглөө. Эх орондоо хүнсний хувьсгал хийх энэ ажилд манай хамт олон идэвхтэй нэгдэж ажиллана.