МОНГОЛЫН ЗЭРЛЭГ ЖИМС ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ БИЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.01.20/ эх орны зэрлэг ба тарималжуулсан жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хүн амын хүнсний манаанд хувь нэмэр оруулж буй Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “Эко Эрдэнэ” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Эко Эрдэнэ” ХХК эх орны зэрлэг ба тарималжуулсан жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хүн амын хэрэглээнд хувь нэмэр оруулах зорилгоор 2000 онд байгуулагдсан хувийн хэвшлийн энэ чиглэлийн анхны аж ахуйн нэгж юм. Тус үйлдвэрийн хувьд жимсний чанамалыг ОХУ-ын сонгодог жор, технологи, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг. Төрөл бүрийн жимсний шүүс, жимсний ундаа, чанамал үйлдвэрлэж дотоодын зах зээлд худалдаалж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдээ илүү олон болгоход ханцуй шамлах хэрэгтэй. Ингэснээр импортоос хамааралтай байдаг манай улс дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Баялаг бүтээгчид маань дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, гадагшаа экспортлох зорилготой. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолд тусгаснаар Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Хүүхдийн хоол, сүү, ногоо, жимс, жимсгэнийн тэжээлийн үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхий эдийг дотоодоос бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгаа.

ХИЙЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮН МААНЬ БИДНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОСОН.

“Эко Эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Билгүүн: “Байгаль өөрөө бидэнд ийм сайхан эдийг бэлэг болгож өгч байгаа учир бүтээгдэхүүнээ цэвэр органикаар нь боловсруулж импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байна. Цаашдаа дотоодын хүн амын хэрэгцээнд эрүүл цэвэр бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлэхээс гадна инноваци шингэсэн шинэхэн бүтээгдэхүүнүүдээр монголчууддаа бэлэг барина” гэлээ. Гадаад улсад манай улсын нэрс, чацаргана зэрэг бүтээгдэхүүн том байр суурь эзэлдэг. Иймд бид гадны зах зээлд Монголын органик бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх боломж бий. Монгол Усын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өсөн дэвжиж буй эх орны түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч Хүнсний хувьсгалыг эхлүүлсэнд талархалтай байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн