Эрүүл хүнсээр дэлхийг дайлж, эх орныхоо нүүр царай болж буй “Хушхан” брэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Тэргүүн Доктор (Рh.D) Ч.Даваабаярын санаачилсан “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн 2023 оны эхний дугаарт эрүүл хүнсээр дэлхийг дайлах зорилготой “Хушхан” брэндийг үүсгэн байгуулагч Д.Энх-Амгалан оролцлоо.
Мөн энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр “Промон Трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Оюунбат оролцсон юм. “Промон трейд” ХХК нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн цэвэр байгалийн гаралтай үхэр, хонь, адууны түүхий эдийг дэлхийд тэргүүлэгч Итали технологиор боловсруулж, Европ стандартыг хангасан үхэр, хонь, адууны “Ясны тос”, “Мах, ясны гурил” болон “Ясны мөхлөг” үйлдвэрлэдэг. Энэ утгаараа Монгол Улсаа төлөөлөн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёр томоохон баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг зовлон бэрхшээл, нөөц боломжийн талаар арвин их мэдлэг мэдээлэл өгөх яриа өрнүүллээ.
Жил бүр бэлтгэсэн Монгол хушны самрын 99.9 хувийг Хятад хүмүүс худалдаж аван “Хятад улсад үйлдвэрлэв” нэрийн дор Америк, Европын зах зээлд нийлүүлдэг байсан бол Д.Энх-амгалан захиралтай “Nord Road” компани “Хушхан” брэндийг үүсгэн байгуулснаар Монголоос гуравдагч зах зээлд шууд экспортолж байна. Ингэснээр эрүүл хүнсээр дэлхийг дайлах Монголын үндэсний брэнд бий болохоос гадна ажлын байр нэмэгдүүлж, улсад их хэмжээний татвар төлж, энэ хэрээрээ их баялаг бүтээж буй юм.
Монгол хуш модны самраар 100% хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлнэ.
Тус компани хуш модны самарт нэмүү өртөг шингээн, байгальд ээлтэй технологиор боловсруулахдаа ХАЯГДАЛГҮЙ үйлдвэрлэл хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, инновац нэвтрүүлэн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэж, шинжлэх ухааны суурь судалгаануудыг эхлүүлээд буй.
Хуш модны самраар:
• Тос
• Сүү
• Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Мөн самрын яс, хальс зэрэг дайвар түүхий эдийг ашиглан бусад ангиллын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж байна.
“Хушхан” брэндийн үйлдвэр цөмөх, цэвэрлэх, сортлох болон савлах гэсэн үйлдвэрийн гурван цехээр дамжуулан нийт 20 дамжлагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог.
Тус байгууллагад 60 орчим хүн ажилладаг бөгөөд 30 ажилтан нь үйлдвэрт ажилладаг. Тэдний байр, хоол, дулаан гээд бүх хангамжийг байгууллага хариуцна. Мөн оюутнууд амралтаараа болон нэг жилийн чөлөө авч ажиллах тохиолдол гардаг бөгөөд жилийн хугацаанд ар гэртээ өгсөн мөнгөнийхөө илүүг хадгалсаар 20 сая төгрөгний хадгаламжтай болж чаджээ. Мөн 2022 оны төгсгөлд залуу ажилтнуудаа дэмжиж 2 өрөө байраар шагнажээ.
“Хушхан” брэндийн үүсгэн байгуулагч Д.Энх-амгалан түүхч мэргэжилтэй бөгөөд олон жил Хятад улсад суралцжээ. Энэ үедээ тэрээр бизнесийнхээ санааг олж харан, хуш модны самарны талаар судлах болсон юм. Монголчуудын нэг их чухалчилж үздэггүй хуш модны самар нь хүний биед олон талын ашигтай. Үүнийг нэг бүрчлэн дурдвал барагдахгүй. Иймдээ ч Европын улсуудын хүнсний гол хэрэглэгдэхүүн болжээ. Тэд бүх төрлийн хоол хүнс, цаашлаад уух юмандаа хүртэл хийж байнга хэрэглэдэг. Харин Монгол Улсад бэлтгэсэн самарны дийлэнх хувийг хятадууд худалдаж аван боловсруулаад цааш экспортолж байгаа нь Д.Энх-амгаланд “яагаад монголчууд өөрсдөө боловсруулаад, экспортолж болохгүй гэж” гэсэн бодлыг төрүүлжээ. Ингээд уйгагуй судлаж, хөөцөлдсөөр 2016 оноос эхлэн үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Дээр дурдсанчлан хуш модны самар олон талын ашиг тустай ч Монголд ургасан хуш модны самарт нийт 19 төрлийн амин хүчил агуулагддаг байна. Энэ нь бусад улсад ургадагаас хавь илүү гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар “Хушхан” брэнд бүтээгдэхүүнээ Герман, Итали, Испани, Турк, Солонгос, Хятад гэсэн 6 улсад экспортолдог. Мөн 2016-2021 оны хооронд Байгалийн нөөц ашигласны төлбөрт 6.3 тэрбум, Экспорттой холбоотой хураамж, бусад төлбөрт 7.9 тэрбум төгрөг, нийт 14.2 тэрбум төгрөгийн төлбөр төлжээ. Гэвч энэ мөнгийг 100 хувь байгаль дэлхийг нөхөн сэргээхэд зарцуулж чадахгүй байгааг нэвтрүүлгийн үеэр онцолж байв.
Мөн хэрэглэгчдийн дунд самарны бизнес хийдэг хүмүүс байгаль орчныг сүйтгэн, ан амьтдын хоолыг булаадаг гэх ойлголт бий. Энэ тухай “Хушхан” брэндийн үүсгэн байгуулагч Д.Энх-амгалан хэлэхдээ “ Намар 9 сард самар бүрэн болж, ан амьтад ч идэш, нөөцөө хурааж дуусдаг. Энэ үед самар багахан доргилтод унадаг. Гэтэл манайхан болж гүйцээгүй байхад нь самар түүж байгаа нь иргэдийн санаа зовоогоод буй асуудлын шалтгаан юм. Тиймээс бид түүхий эдээ бэлтгэхдээ намар 9,10 сард амьтад идэшээ бэлтгэж дуусан үлдэгдэл самар унахад бэлэн болсон үед бэлдэж эхэлдэг. Ингэхдээ бүгдийг нь аваад явна гэсэн үг биш байгальд нь дийлэнх хувийг нь үлдээдэг. Мөн бид байнга аваад байж болохгүй учраас байгаль нөхөн сэргээх ажил идэвхтэй хийдэг. 2020, 2021 онд гэхэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100,000 хуш мод тарьсан. Үүнээс гадна хуш модны ойг нөхөн сэргээх томоохон төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Энэ төсөл дэлхий даяар хэрэгжиж, бодит үр дүнгээ өгсөн Дани улсын эрдэмтэн Сирах Ларсоны судалгааг үндэслэн хэрэгжинэ. Ингэснээр 5 жилийн дотор үр өгөөжөө өгөх 100 сая хуш модыг тарих юм” гэв.