МОНГОЛ УЛСАД ЦОР ГАНЦ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН МАЛ ТӨХӨӨРӨХ ҮЙЛДВЭРИЙГ “ТРАСТ ТРЕЙД” ХХК БАРЬЖЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон даяар санаачлан эхлүүлж 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах, цаашлаад бусад улс оронд нийлүүлэх зорилттой ажиллаж байна. Энэ хүрээнд ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албыг ахлаж буй Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үйлдвэрлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.Тухайлбал өнөөдөр хүнсний манлай үйлдвэр Траст Трейд ХХК-д ажиллалаа. 2000 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр нь монголдоо цор ганц эрүүл ахуй, стандартын шаардлагыг өндөр зэрэглэлд хангасан, AL HALAL стандартад нийцүүлэн мал төхөөрөх үйлдвэр барьж ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
140 гаруй нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Траст трэйд компани нь 200 гаруй ажлын байр бий болгож, жил бүр улсад 800 саяас 1 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Цаашид мал төхөөрөх үйлдвэр нь ашиглалтад орсноор нэмж 100 хүнийг ажлын байраар хангах бөгөөд монголын нийт хэрэглэгчид илүү баталгаатай эрүүл махан бүтээгдэхүүн хэрэглэх юм.
Мөн Траст трейд компани нь Засгийн газраас Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах зорилт дэвшүүлж, тогтоолын төсөл боловсруулан батлуулсантай уялдуулан үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна. Энэхүү тогтоолын төсөл нь малын эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах юм.
Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 жилийн хугацаанд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хүнсний бүтээгдэхүүний нэн тэргүүнд мах, махан бүтээгдэхүүн багтана. Иймд энэ салбарын үйлдвэрлэгчдэд үйл ажиллагаагаа өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох асар их боломж бүрдэж буйг хэлж байлаа.