Хүнсний хувьсгалын салхи Хөвсгөл аймагт сэвэлзлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсээр байна.
Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд орон нутгууд албан ёсоор нэгдэж эхлэн, “Хүнсний хувьсгал”-ын анхны салхи хоймор нутаг Хөвсгөл аймагт сэвэлзлээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын хамт Хөвсгөл аймагт ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Тус арга хэмжээ бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулагдах бөгөөд 2022.10.10- 2022.11.01-нийг дуустал үргэлжилнэ.
Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.
Хөвсгөл аймаг энэ онд гурил, махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах тооцоолол гарчээ. Гэхдээ мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн иргэдийн төлөөллүүд хэлж байв.
Мөн Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт,57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тарих явдал ихэссэн нь хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Хөвсгөл аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Өөрөөр хэлбэл тус салбарын дийлэнх хувийг өрхийн, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид эзэлжээ. Тиймээс эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөтгөхөд төр засгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцоллоо.
ОРОН НУТАГТ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь гурван албатай бөгөөд 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчдын ачаалал их байдаг. Тиймээс аймгийн политехник коллежтэй хамтран боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д ХҮЧ НЭМЭХ НУТГИЙН БРЭНДҮҮД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй танилцлаа.
– Итгэмжлэгдсэн лабораторитой “Аяны жолоо” ХХК
1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аяны жолоо” компани нь Хөвсгөл аймгийн нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн орон нутгийн үйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог. Энэхүү лабораторит дан ганц “Аяны жолоо” компанийн бүтээгдэхүүн бус бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилдэг. Жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.
– Олон төрлийн хүнсний хэрэглээг хангагч “Хөвсгөл титаник” ХХК
“Хөвсгөл титаник” компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд Талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу-бэйкери, гоймон-хэрчсэн гурил, Цай, Жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилдээ нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр талх, талхан бүтээгдэхүүний 15%, Гурилан бүтээгдэхүүний 18.4%, Сүү, сүүн бүтээгдэхүүний 25%-ийг дангаараа хангаж байна.
– Экспортын мах үйлдвэрлэгч “Уудам хангай” ХХК
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд махны үйлдвэрүүдийг стандартжуулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн “Уудам хангай” мах боловсруулах үйлдвэр нь шинэлэг технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусад улс орнууд руу экспортлож байна.
– Өрхийн үйлдвэрлэлийн жишиг болсон “Хөвсгөл шим” ХХК
Нийслэл хотоос Хөвсгөл нутгийг зорин ирж, хүнс үйлдвэрлэгч болсон гэр бүлийн үйлдвэрийн байртай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа. “Хөвсгөл шим” даршилсан ногоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд энэ жил нийт 3 тонн өргөст хэмх тариалжээ. Тус өрхийн үйлдвэр байнгын 3 ажлын байр бий болгож, бусад үед цагийн ажилтан ажиллуулдаг. Өдөрт хамгийн ихдээ 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Ийнхүү Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай болж өнгөрлөө. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ тус аймгийн удирдлагууд илэрхийлж байв.