Хоол тэжээлийн гурвалсан дарамтад өртсөн хүүхэд эсэн мэнд өсөж торних боломжоо алддаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн яаманд танилцуулах уулзалт боллоо.
Тус уулзалтад Эрүүл мэндийн яамыг төлөөлөн:
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд
- ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох
- ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд
- ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Бямбатогтох
- ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Пүрэвдулам
- ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргжилтэн Б.Дөлгөөн
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
- ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.
Хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал хүний эрүүл мэндэд нөлөөлөх чухал хүчин зүйн юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах шаардлагатай.
ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээг нэрэлсэн байдаг. Үүнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад татан оролцуулах, идэвхжүүлэх ажлууд багтжээ. Мөн хоол тэжээлийн гурвалсан дарамт /Хоол тэжээлийн дутал, амин дэм, эрдсийн дутал буюу далд өлсгөлөн, илүүдэл жин/-ад өртсөн хүүхэд эсэн мэнд өсөж торних боломжгүй болдог.
Цаашид ЭМЯ-ны зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.
- Хүнсний шимэгчийн болон вирусын бохирдол, хүнсний бохирдлын өртөлтийн (пестицид, хүнд метал, эмийн бодис, цацраг идэвхит бодис г.м) үнэлгээг хийх;
- Шинэ технологиор үйлдвэрлэгдсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнс зэрэг дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн хүнсний эрсдэлийг үнэлэх мэргэжилтэн бэлтгэх, лабораторийн чадавхийг сайжруулах;
- Илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах;
- “Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зар сурталчилгааг хориглох бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх;
- “Хоол тэжээлийн далд өлсгөлөн“ бууруулах – аминдэм, эрдэс бодисоор бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.
- Ерөнхий сайдын захирамж (хоол тэжээлийн боловсрол, илүүдэл жин, хөдөлгөөн)