СЭДЭВ: Д.БАТЧУЛУУН: МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРТ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар амжилттай хэрэгжиж эхэлсэн. Тус хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 5 бүлэг, 49 заалт, 116 арга хэмжээнээс бүрдэх  36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөр танилцуулан  Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр хамтран хэрэгжүүлэх байгууллагуудтай уулзалт хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2022.08.23/ Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуунтай уулзлаа.

Уулзалтад Мал эмнэлгийн Ерөнхий газрыг төлөөлөн:

  • МЭЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Гандолгор
  • МЭЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын төсвийн ахлах мэргэжилтэн С.Мягмаржав
  • МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн баталгаажуулалтынгазрын дарга Б.Батсүх

Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар нийт 12 төрлийн ажил хийхээр төлөвлөжээ. Үүний тулд тус салбарын боловсон хүчинг сайжруулах, мал эмнэлгийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, төсөв хөрөнгө нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал Малын эмч нарын 62 хувь нь 50-аас дээш насны хүмүүс байдаг бөгөөд шинэ боловсон хүчингүүд мэргэжлээрээ ажиллах дургүй байдаг. МЭЕГ-ын хийсэн судалгаагаар боловсон хүчний хүрэлцээ, чадавхид нөлөөлж буй 5 хүчин зүйлсийг ил болгожээ.

  1. Шинэ залуу малын эмч нар хөдөө орон нутагт ажиллаж амьдрахад шаардлагатай нийгмийн хангамж, дэмжлэг хангалтгүй
  2. Нэг малын эмчид ногдох ачаалал хэт өндөр, хөдөлмөрийн нөхцөл хүнд
  3. Мал эмнэлгийн үйлчилгээний үнэлгээ хэт хямд байгаа нь ашигтай ажиллах боломжийг хаадаг
  4. Хэт өндөр шаардлага бүхий дүрэм, журам, стандартууд болон төрийн байгууллагын дарамт шахалт нь үйл ажиллагаа хэвийн явуулах эсвэл шинээр эхлэхэд саад болдог
  5. Боловсрол олгох байгууллагын удирдлага зохион байгуулалтын алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалж төгсөгчид нийгмийн эрэлт хэрэгцээнд хүрэлцэхгүй байх зэрэг шалтгаанууд нөлөөлжээ.

Монгол улс хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд малыг гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг баталгаажуулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх ёстой. Үүний тулд вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгохыг Мал эмнэлгийн ерөнхий газраас зөвлөж байна. Мөн Мал эмнэлгийн нэгдсэн систем буюу цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн нь махны экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хэрэглээнд нэвтэрч буй мах, махан бүтээгдэхүүний шат дамжлаг бүр тус нэгдсэн системд ил тод байрших юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн