МАНАЙ УЛС ОХУ-ТАЙ ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЗУУНЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА
Манай улсын хоёр хөршийн гадаад хэргийн сайд нарын айлчлалыг залгуулаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан нь Монгол улсыг олон улсын тавцанд яахын аргагүй анхаарлын төвд оруулсан түүхэн үйл явдлууд боллоо. Дээрх айлчлалууд цар тахлын дараах хөрш орнууд болон олон улсын худалдаа эдийн засгийн харилцаа сэргэж харилцан итгэлцсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд томоохон ахиц дэвшил болж өнгөрлөө.
Одоогоос сар гаруйн өмнө буюу 2022 оны долдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад ажлын айлчлал хийсэн нь Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлуудаар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан үр дүнтэй айлчлал болсон юм.
Айлчлалын хүрээнд тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж Монгол улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Сайд нар Монгол Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын тохиролцсон асуудлуудын хэрэгжилт болон харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд томоохон арга хэмжээ төслүүдийн талаар санал солилцсон юм.
Энэ хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг сайд нар тэмдэглэсэн.
Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн талаар санал солилцсон юм. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуваарийн дагуу хэвийн явагдаж буйг, мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэйгээ холбогдох коридоруудын асуудлыг хөндөж ярьсан. Мөн түүнчлэн эрчим хүч, тээвэр, байгаль орчин, соёл хүмүүнлэгийн салбар, сансар судлал зэрэг салбарт хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх иргэд хоорондын шууд харилцааг хөхиүлэн дэмжих олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцож тус тусын байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан 2021 онд ёслол төгөлдөр Улаанбаатар болон Москва хотноо тэмдэглэснийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолж, энэ жил Монгол ОХУ-тай харилцааны шинэ зууныг эхлүүлээд байгааг онцолсон байдаг.