“25-Р СУВАГ” ТЕЛЕВИЗ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ
Өнөөдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 25-р суваг телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийт, төр засгийн байгууллагуудад хүргэж, сурталчлан таниулахад хамтран ажиллах юм.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагааг төр засаг, ард түмэнд сурталчлан таниулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд байгуулагдсан цагаасаа хойш 1000 гаруй нэвтрүүлэг, контент бэлдээд байна. Тэгвэл энэ ажлыг 25-р суваг телевиз дэмжиж, “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг олон нийтэд түгээхээр боллоо.
ЖДҮҮ-ний салбар нь Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд ажлын байрны 90 гаруй хувийг бий болгодог. Гэвч цар тахлын жилүүдэд манай улсын ЖДҮҮ эрхлэгчдийн 90 хувь хохирол амсаж, 200 мянган хүн ажлын байраа алджээ. Иймд тэдний үйл ажиллагааг сэргээж, импортын бараа бүтээгдэхүүний тоог багасгах нь “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн гол зорилго юм.
Өнөөдрийг хүртэл Монгол Улсын үе үеийн Засгийн газар аж үйлдвэржилтийг сэргээх 30 орчим бодлого хэрэгжүүлж байсан. Гэвч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөдөр манай улс нийт хэрэглээнийхээ 95 хувийг бусад улсаас импортоор авч байна. Өөрөөр хэлбэл нэг жилд 8,0 тэрбум ам.долларын импортын бараа авдаг гэсэн үг. Иймд одоо хэрэгжиж буй Шинэ Сэргэлтийн Бодлогын гол цөм болсон аж үйлдвэржилтийн сэргэлт биелэлээ олох нь чухал байна.