А.Энхбаяр: Хүний нутгаас эх орондоо буцаж ирэхэд охины минь асуусан зүйл ихийг бодогдуулсан
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос бэлтгэн хүргэдэг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн 57 дахь дугаарт үлэмж мөрөөдлийг тээж яваа ханийнхаа халамжит гэргий, хүүхдүүдийнхээ сайн ээж А.Энхбаяр оролцлоо.
“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн зочид бүр өөрийн онцлогтой. Харин А.Энхбаярын хувьд хийж буй ажлаа мөнгө гэж харахаас илүү үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх боломж, сэтгэл ханамжтай байх арга болгож чадсанаараа онцлог. Тэрээр “Үйлсийн алтан хэлхээ” ХХК-ийн Ерөнхий захирал, “Билиг бадруулагч” ТББ-ын тэргүүн бөгөөд хийх дуртай зүйлээ тултал нь ажил хэрэг болгож чадсан хөдөлмөрч эмэгтэй. Түүний эрхэлдэг гол ажил нь мод, ургамал тарьж ургуулах юм. Анх аливаа ургамалыг тарьж ургуулах нь түүний хобби байжээ. Тарьсан бүхэн нь ургаж, үржиж гэртээ багатахаа болих үед хийх дуртай зүйлээ ажил болгох саналыг нөхөр нь түүнд тавьсан байна. Түүний нөхөр Э.Энхбаатар нэвтрүүлэгт яриа өгөх үеэрээ -“эхнэр минь дуртай зүйлээ хийж байгааг харах хамгийн сайхан байдаг” гэсэн нь хэр халамжит хань вэ гэдгийг илэрхийлнэ. Тэд Уянга, Наранбат, Анударьяа гэх гурван хүүхдийн ээж аав юм. Хүүхдүүд нь бүгд ээжийнхээ хийж байгаа ажилд тусладаг. Нэг ёсондоо энэ байгууллагын ажилчид гэж ойлгож болно. Хүүхэд багаасаа мод, ургамал тарьж ургуулснаар хөдөлмөрийн үр шимийг мэдэрч, зөв хүмүүжилтэй хүн болдог.
Хүүхэд хүний тарьсан зүйлийг идэх, өөрийнхөө ургуулсан зүйлийг идэх хоёр тэс өөр мэдрэмж, тэс өөр амт байдаг.
“Үйлсийн алтан хэлхээ” ХХК-ийн Ерөнхий захирал А.Энхбаярын хувьд хамгийн үнэ цэнэтэй дурсамж нь “Ривер гарден” хотхоны цэцэрлэгтэй холбогддог. Учир нь энэ бол түүний хамгийн анх хариуцсан томоохон ажил байснаас гадна гэр бүлийнх нь гишүүн бүрийн оролцоо шингэжээ. Энэ ажлаа амжилттай дуусгаад тэрээр гэр бүлийн хамт Швед улсыг зорьж өөрийн мэдлэг чадвараа ахиулсан юм. Одоо хийж хэрэгжүүлж буй олон ажлынхаа санааг Швед Улсад байхдаа олжээ. Энэ улсад гэр бүлүүд хоорондоо нэгдэж идэх ногоогоо хамт тарьдаг. Цаашлаад найзлаж нөхөрлөж, олон сайхан дурсамж бүтээдгийг хараад А.Энхбаяр атаархах сэтгэл төрж, өөрийн улсдаа хэрэгжүүлэх юмсан гэж мөрөөдөх болсноо хуучиллаа. Хэрэв түүний энэ ажил бүтвэл манайх шиг хүнсний хэрэглээнийхээ 90 гаруй хувийг гаднаас авч иддэг, Үүнийх нь ихэнх хувь эрүүл мэндийн баталгаагүй улсад маш өгөөжтэй байх нь тодорхой.
Ийнхүү 3 жил Шведэд амьдарч байгаад эх орондоо ирэх үед бага охин Анударьяа нь –“ ээжээ монголд яагаад мод байхгүй саарал байгаа юм” гэж асуух нь их зүйл бодогдуулсан байна.
Өнөөдөр тэр бусад улс орнуудаас сурч мэдсэн сайн жишгүүдийг өөрийн улсдаа хэрэгжүүлэх зорилгоо ажил болгоод эхэлжээ. Хамгийн эхний хийх ажил нь 50 өрхийг нэгтгэж өөрсдөө идэх эрүүл хүнс ногоогоо тарих юм. Энэ 50 өрх тодорхой хэмжээний мөнгө нийлүүлэх бөгөөд энэ мөнгө суулгах, ургуулах, хураах явцад хэрэглэгдэнэ.
Сүүлийн гурван жил бид хил хаагдсанаар олон зүйлийг мэдэрсний нэг нь дотооддоо үйлдвэрлэгч болох юм. Тэр тусмаа хөл хорио зарлах бүрт дэлгүүрийн лангуу хоосорч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Өндөр үнээр авсан хүнс нь чанарын шаардлага хангадаг уу гэвэл огт үгүй. Хил дээр хэдэн сар болж байж ирсэн хүнс ногоо байдаг. Өнөөдөр хэдий цар тахлын тархалт багассан мэт боловч урд хөрш хилээ нээгээгүй, хойд хөршид геополиткийн асуудалтай байна. Энэ нөхцөл байдал цаашид улам хүндэрнэ үү гэхээс сайжрахгүй гэж зарим судлаачид үзэж байна. Иймд өндөр үнээр “хор” худалдаж авч идэхээс А.Энхбаярын хийж буй ажилд 50 хүн биш нийт ард түмнээрээ нэгдэж, өөрсдөө хүнсээ тарьж ургуулах нь маш чухал ажил болно. Түүний ажил амьдралын туршлага, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийнх нь тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.