АВЛИГАЧДАД ЭЭЛТЭЙ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД ХАЛТАЙ

2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирол, хор уршигаа арилгасан байдал нь нийгмийн аюулын шинж чанарын тухайд төдийлөн ноцтой биш бол хүлээх хариуцлагыг хөнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Уг Эрүүгийн хуульд “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргээс бусад бүх гэмт хэрэг болон зарим төрлийн хөнгөн хэрэгт заавал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар зохицуулжээ.

Харамсалтай нь иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэдэг энэ хуулийн заалт албан тушаалтнуудын ялаа багасгах гол хэрэгсэл болоод байна.

Тухайлбал ЖДҮХС-ийн хэрэгтэй холбогдсон, хэдэн тэрбумаар хохирол учруулсан хүмүүс хэргээ хүлээсэн гэдэг шалтгаанаар 13-40 сая төгрөгөөр торгуулаад хэвийн амьдарч байна. 13-40 сая төгрөг гэдэг бол хэдэн тэрбумаар нь идсэн хүмүүсийн хувьд нэг сарын хүнсний хэрэглээгээ хангах л мөнгө. Албаны бус мэдээллээр үүнээс ч ихийг зарцуулдаг байж болзошгүй гэжээ.

Эдгээр авлигачид, гэмт хэрэгтнүүдийн төлөөлөл нь УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Б.Ундармаа нар юм. Тэд хийсэн хэргээ “халаасны мөнгө”-өөр цайруулчихаад, ашигтай луйвар хийсэндээ баясаж байгаа. Талбай дээр үзэл бодлоо илэрхийлсэн, тэднийг шүүмжилсэн иргэд тэдэнд нөлөөлж чадахаасаа нэгэнт өнгөрсөн.

Харин ЖДҮХС-ийн захирал асан О.Мөнгөнцэцэг авлига авснаа цайруулах доод ханшийг тогтоож байна. Түүний хувьд хадам дүүдээ эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хөнгөлөлттэй зээл олгосон нь ил болсон юм. Энэ мэт төрийн албан хаагч, эрх мэдэлтнүүдээс болж Монголд баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа олон зуун иргэд л хохирч байна. Тэд энэ зээл, тусламжийг авах ёстой хүнд нь өгөөгүйгээс 200 мянган хүн ажлын байраа алдсан. Тодруулбал цар тахлын хүнд цаг хугацааг зээлийн дарамт, түрээс, хөл хорио гэх мэтээс зүйлээс болж ЖДҮҮ-ийн салбарт ажилладаг ажилчид 800 гаруй мянга байснаас 639,798 болж буурсан байдаг.

Энэ мэт хүмүүсээс болж сүүлийн 3 жил ЖДҮҮ эрхлэгчдэд зориулж мөнгө төсөвлөхөө больсон нь хамгийн том хохирол юм. Уг нь дөнгөж цар тахал намжиж, үйлдвэр, үйлчилгээ сэргэж байгаа энэ үед олон улсууд ЖДҮҮ-гээ анхаарч эхлээд байна. Харин манай улсад дараагийн идэх хүнээс болгоомжилсондоо ч юмуу, идэх боломжгүй болтлоо энэ салбар олны анхааралд орчихсон болохоор мөнгө төсөвлөхөө больчихсон.

Хамгийн их мөнгө төсөвлөж байгаа салбарт хамгийн их авлига, албан тушаалтнуудын гэмт хэрэг үйлдэгдсээр ирсэн нь үүний баталгаа ч байж мэднэ.

Энэ бүхний эцэст юм хийж бүтээх хүсэлтэй, баялаг бүтээгчдийн боломжийг авлигачид үндсээр нь булаагаад, үгүй хийчихлээ.

 

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр Өвөрхангай аймгийн “Агро парк” төслийн санаачлагч, “Оюуны хөгжлийн институт” судалгааны байгууллагын захирал, “Мөнх ногоон мандал” хоршооны дарга Ц.Адьяатай уулзалт зохион байгууллаа.

СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн