ТӨВ АЙМАГТ МОД ҮРЖҮҮЛГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД 500 ГА ГАЗРЫГ ОЛГОНО

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч бямба гараг (2022.03.05) Дундговь болон Төв аймагт ажиллаад ирлээ. Энэ үеэр Төв аймагт “Ногоон Төв аймаг” ойн салбарын анхдугаар зөвлөгөөн болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төв аймаг нэгдэж 20 сая мод тарих стратеги төлөвлөгөөгөө “Ногоон Төв аймаг” зөвлөгөөний үеэр танилцууллаа. Зөвлөгөөнд Төв аймгийн ойн салбарын мэргэжилтнүүд, мод тарьдаг иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 300 гаруй хүн оролцож мод тарих арга туршлага, салбарын тулгамдсан асуудлуудаа хэлэлцэв.

Төв аймаг нь 2022 оныг “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд “Тэрбум мод ” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын зорилттой нийцсэн цаг үеэ олсон ажил болж байгааг ойн салбарынхан онцолж байсан юм. Одоогийн байдлаар Төв аймагт мод үржүүлгийн 17 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мод үржүүлгийн аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжин хамтран ажиллах хүрээнд 500 га газрыг ой үржүүлгийн чиглэлээр олгож 20 сая мод тарих ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Төв аймаг нь ойн сан бүхий газар нутгаараа Монгол улсад тавдугаарт бичигддэг, нэг сая 300 мянган га талбайг хамарсан ойн сантай. Нийт 27 сумаас 22 сумын нутаг дэвсгэрт нарс, шинэс, хус, улиангар зэрэг холимог ой, мод ургадаг.

Төв аймаг жил бүр мод тарих, ойжуулах ажлыг зохион байгуулж, сүүлийн 10 жил 3700 гаруй га талбайд ойжуулалтын ажил хийгджээ.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихад мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц, техникийн бааз сууриа нэмэгдүүлэх шаардлага байгааг аймгийн сум дундын ойн ангийн төлөөлөл онцолж байв. Төв аймгийн сум дундын ойн ангийн хувьд аймагтаа таван га ой үржүүлгийн талбайтай үүнээсээ жилд 35-50 мянган ширхэг тарьц, суулгац авах нөөцтэй. Өнгөрсөн жилд 38 мянган ширхэг тарьц суулгацыг орон нутаг, сумд болон  БОАЖЯ-нд нийлүүлсэн байна. Тэгвэл энэ жилд нийтдээ 50 мянган ширхэг тарьц суулгац нийлүүлэх зорилттой ажиллаж байгаа юм байна.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн