Б.Бат-Эрдэнэ: Авлигатай холбогдсон албан тушаалтныг тэр өдөрт нь чөлөөлнө, хуулийн байгууллагад шалгуулна
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон тус яамны газар, харьяа байгууллагын дарга нарын бүрэлдэхүүн Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
Тэрбээр “Та бүхний маань дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль гэх мэт найман хуулийг ойрын хугацаанд шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Хуулийн хүрээнд өөрчлөлт хийж байж бид эрх зүйн чадамжтай болох, албан хаагчдынхаа нийгмийн нөхцөлийг сайжруулах боломжтой болно. Бас аль нэгийг нь биш нийтээр нь уялдуулж өөрчлөх шаардлагатай байгаа.
Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр байгаль орчноо сүйтгэх, ан амьтнаа устгах зөвшөөрлийг БОАЖЯ өгч байна. Энэ нь байгаль орчин, ан амьтдын зохистой харьцааг алдагдуулж байна. Үүн дээр бид шийдэмгий арга хэмжээ авах цаг болсон.
Улсын эдийн засгийг нуруун дээрээ тээж байгаагийн хувьд хариуцлагатай уул уурхайг дэмжих учиртай. Мөн хариуцлагагүй уул уурхайг зогсоох ёстой. Ухаад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон, хууль бусаар олборлосон, замбараагүй бичил уурхай бий болгосон гээд маш олон газарт асуудал үүссэн байна.
Яамнаас олгодог бүх тусгай зөвшөөрлийг цахимжуулах ёстой гэж харж байгаа. Авлигатай тэмцэх газраас гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ төрийн байгууллага дундаа доороосоо гуравт орчихсон байна. Дараагийн Шударга байдлын үнэлгээгээр бид дээрээсээ гуравт ордог болох зорилт дэвшүүлсэн. Тэр дагуу шинэчлэх ажлуудыг эхлүүлсэн. Нэг өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа 28 хоног байлаа. Үүнийг өнөөдрийн байдлаар 19 хоног 22 цаг 45 минут болгоод байна. Иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг тусгай утастай болгосон. Төрөөс үйлчилгээ авахын тулд иргэд мөнгө төлдөг байдлыг халах ёстой. Тийм болохоор үнэ төлбөргүй 117 гэдэг дугаарыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Улс аялал жуулчлалын хилээ нээснээ зарласан. Энэ хүрээнд мөн 118 гэдэг дугаарыг нээж ажиллуулж байна. Энэ дугаар олон улсад Монгол Улсыг төлөөлөх ёстой гэж харж байгаа юм. Энд дурдсан ажлууд бол би эсвэл яамны дарга нар санаачлаад хийгээд байгаа ажил биш. Салбарт ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж байхад хэлсэн, санал болгосон ажлууд юм.
Яамны газрын дарга нарыг томилохдоо дор хаяж докторын зэрэгтэй байх шаардлага тавьж байгаа. Тэгж байж бодлогын яам болно. Аливаа албан тушаалтан, улс төрийн нөлөөлөл орсон, танил талын томилгоог зөвшөөрөхгүй. Удахгүй Төрийн албаны аудит хийнэ гэж бодож байгаа. Бас албан хаагчдынхаа ур чадварыг сайжруулах сургалт хийгээд эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутаг, сав газар, аялал жуулчлал, байгаль хамгаалагч, мод үржүүлэг гээд бүхий албан хаагчдыг гадаадад олон улсын байгууллагуудын тусламжтайгаар урт, богино сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
Хүнд суртал гаргаж байвал авлига гэж харна. Нэг мэргэжилтний ширээнд аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг дардаг байдал байж болохгүй. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тэгээд ямар албан тушаалтан хүнд суртал гаргаж байгааг цахимаар хянана. Хийх ёстой чиг үүргийнхээ ажлыг хийхгүй байвал авлига гэж харна. Хийх ёстой зүйлээсээ өөр зүйл хийвэл бас л авлига гэж харна. Авлигатай холбогдсон албан тушаалтныг тэр өдөрт нь чөлөөлнө. Дээр нь хуулийн байгууллагад өгч шалгуулна. Ийм тогтолцоо бий болгож, аль нэг сайд, дарга нараас хамааралтай биш системийг бүрдүүлж байж БОАЖЯ Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийж чадна” гэсэн юм.
Үүний дараа байгаль хамгаалагчид, тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын төлөөлөл санал хүсэлтээ хэлэв.
Үүнийг сийрүүлбэл:
“Мод үржүүлэг” хийж буй иргэдэд тог цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх боломж байдаг уу. Хэрэв байдаг бол бодитой хөрөнгө оруулалт болохоор байна.
Ойгоос нойтон бэлтгэсэн хэсэг нөхдүүд 2019 онд Экологийн цагдаад шалгагдаж эхлээд энэ жил хэрэг нь шийдэгдлээ. Даруй шийддэг болох хэрэгтэй байна.
Заамар суманд 5 мянган га газар ашиглалт, хайгуулын лиценз олгогдсон. Ухуулахгүй байх арга хэмжээ авмаар байна. Ухсан нүх, алт угаасан нүх л үлдэх нь ээ.
Хуульдаа бүрэн дунд боловсролтой байж болно гэсэн мөртлөө байгаль хамгаалагч ажилд авахад хуулийн өргөн асуулттай шалгалт авдаг. Ингээд 18 настай хүн авахаар эргээд Төрийн албаны зөвлөлөөс чөлөөл гэж шахдаг. Чөлөөлчихвөл хэн байгаль хамгаалах юм бэ. Үүнийг шийдэж өгөхийг хүсэж байна.
Байгаль хамгаалагчийн ажлын нөхцөл хүнд байна. Цалин мөнгө багатай. Дээр нь хүмүүс бичлэг хийж дайрч давшилдаг. Зөрчил маш их байгаа.
“Майдар хот”, “Аэро сити”, Хөшгийн хөндий гээд олон хот суурин газар Төв аймагт баригдахаар яригдаж байна. Гэтэл нөгөө талдаа усны нөөц, хэрэгцээг нь шийдэх арга байхгүй. Энэ талаар ямар бодлого барих вэ.
Байгаль хамгаалагчид галт зэвсгийн сургалтад суухгүй бол хулгайн анчны галт зэвсгийг хурааж авах аргагүй байдаг. Тиймээс нэгдсэн сургалтад суулгаж сертификат олгох ёстой гэж бодож байна.
Мод үржүүлгийн газруудыг бодлогоор дэмжих шаардлагатай байна.
Сумандаа ойн инженер, мэргэжилтэн бэлтгэх хүсэлтэй байна. Үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсье.
”Мод үржүүлэх газруудад тарьц, суулгацын үнэ нэмэгдэх вий. Энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ” гэх зэрэг санал, хүсэлт гарав.
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ:
“Мод үржүүлэг хийж буй байгууллагын цахилгааны төлбөрийг бууруулах боломжийг Эрчим хүчний яам болон холбогдох хүмүүстэй ярьж, судалъя. Хууль бусаар мод бэлтгэгчдийн асуудал шүүх дээр уддаг асуудал бий. Байгаль хамгаалагчид маань өргөн уудам нутагт хяналт тавьдаг. Тиймээс тэдний ажил дэм болох зорилгоор хууль зөрчигчдийг иргэд мэдээлдэг байдлыг идэвхжүүлэх үүднээс апплэйкешн хийлгэж байгаа. Үүнээс улбаалаад хууль бус мод бэлтгэл, байгаль орчны эсрэг гэмт зөрчлийг илрүүлэхэд тусалсан иргэдийг урамшуулах зохицуулалтанд ахиц гарна. Тэгэхгүй бол мэдээлэл өгсөн иргэн эргээд хуулийн байгууллагад гэрчээр очих, байцаалт өгөхөөс залхдаг тал бас байдаг. Цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын ажлын хүрээнд уулнаас мод авчрах асуудлыг хориглоно. Харин хурдны зам, хийн хоолой, төмөр зам зэрэг томоохон стратегийн төслүүд хэрэгжих бол тухайн газрын модыг шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагын хяналт дор хийх хэрэгтэй болно. Үүнтэй холбоотой эрх зүйн орчныг маш тодорхой болгоно.
Ойн салбарт бодлогоор мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Мөн эмч, багш нар орон нутагт ажиллахад тодорхой урамшуулал, дэмжлэг байдаг шиг алслагдсан нөхцөлд ажиллаж буй ойн мэргэжилтнүүдийн тэтгэлгийн асуудлыг тодорхой болгоод явна.
“Тэрбум мод” хөтөлбөртэй холбоотой үрсэлгээ, тарьцын үнийн өсөлтийн асуудал сөхөгдөж байна. Урьд нь ингэж их эрэлт үүсэж байгаагүйтэй ч холбоотой. Үрийн нөөцийн хомсдолын асуудал гарч байгаа. Гэхдээ үрийн нөөцийн асуудлыг улсын нэгдсэн бодлогоор хийнэ. Энэ өөрөө цаад талдаа биологийн аюулгүй байдалтай холбоотой асуудал байдаг. Иргэд, аж ахуйн нэгжүүд дураараа гадаадаас үр, тарьц суулгац авчрахыг зөвшөөрөхгүй” гэлээ.
Мөн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга В.Жавзан, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, Усны газрын дарга Ш.Мягмар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар холбогдох санал хүсэлт, асуултад хариулт өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төв аймгийн удирдлагуудад хандаж үг хэлж, зарим шаардлагатай арга хэмжээг авахыг чиглэл болголоо.
Тухайлбал,
“Орон нутгийн төсвөөс ойжуулалтыг дэмжих, холбогдох төсвийг гаргах шаардлагатай байна.
Мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж буй иргэд, аж ахуй нэгжийг техникээр хангах, чадавхжуулах зэрэг бүх талын арга хэмжээг аймгийн удирдлагууд хэрэгжүүлж, дэмжих шаардлагатай байгаа.
Сум дундын Ойн ангийн үйл ажиллагаанд анхаарч, хэрэгцээтэй зүйлээр хангах тал дээр анхаарах шаардлага бий.
Орон нутгийн цөлжилтийн нарийвчилсан үнэлгээг аймгийн хэмжээнд хийж, цөлжилттэй тэмцэх төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй.
Үрийн нөөц бий болгох, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг зохион байгуулах шаардлагатай байна” гэх зэргийг дурдсан юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Эх сурвалж: MNB