KFC сүлжээ хоолны газрын хоолонд хордсон иргэдийн хохирлыг төлүүлнэ

KFC сүлжээ хоолны газрын хоолноос эрүүл мэндээрээ хохирсон гэдгээ баталсан иргэд хохирлоо барагдуулах боломжтой. Одоогоор ШӨХТГ-т хохирлоо барагдуулахаар 2 иргэн хандаад байна.

KFC сүлжээ хоолны газрын хоолноос хордсон 247 иргэний эрүүл мэнд,эдийн засагт учирсан хохирлыг барагдуулах, сүлжээ хоолны газарт хариуцлага тооцуулахаар ШӨХТГ-аас 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Олон тооны иргэд нэг хоолны газраас хордсон энэ асуудал нь манай улсад мөрдөгдөж буй хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 2 заалт, зөрчлийн тухай хуулийн 1 заалтыг тус бүр зөрчсөн нь тогтоогдож байгаа учраас хордсон иргэдийн хохирлыг нь бүрэн барагдуулах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар ШӨХТГ-т KFC сүлжээ хоолны газрын хоолноос хордсон гэх 2 иргэн хохирлоо барагдуулах өргөдөл гаргаад байна. Тус хоолны газраар үйлчлүүлж хордлогонд орсон бусад иргэдийн хувьд тухайн салбараар үйлчлүүлсэн, эрүүл мэндэд нь хордлогын сөрөг нөлөөлөл илэрсэн, эмнэлгийн тусламж авч үйлчлүүлсэн зэргээ баталж,өргөдлийн хамт ШӨХТГ-ын ажлын хэсэгт хүргүүлэх хэрэгтэй. Үүний дараа хүн тус бүрт  учирсан хохирлын хэмжээг тогтоож, нийт учирсан хохирлыг гаргах юм.

Түүнчлэн түргэн хоол, сүлжээ хоолны газруудын үйл ажиллагааны зөвшөөрлийг харьяа дүүргээс нь олгодог. Цаашид иргэд хордсоных нь дараа хохирлыг нь барагдуулдаг биш аюулгүй хоол хүнсээр үйлчилж,хэрэглэгчийг хохироохгүй байх чиглэлд нь анхаарч тусгай зөвшөөрөл олголт болон явц дундын хяналт шалгалтуудыг чангатгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг тус газраас гаргасан байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн