‘Ардын цэрэг’ нэртэйгээр анх гарч байсан ‘Соёмбо’ сонин 95 нас хүрлээ

Сүхбаатрын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Соёмбо сонинг 1924 онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Ардын цэрэг” сонин нэртэйгээр анх байгуулжээ. Зэвсэгт хүчний салбарыг ард түмэнтэй холбох гүүр болж, хүүхэд залууст цэрэг эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэх үүрэг хүлээсэн тус Соёмбо сонин 95 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, мэдээллээ хүргэсээр байна.

1924 оны 2-р сарын 5-ны өдөр Ардын цэрэг сонины анхны дугаар гарч эхлэснээр Соёмбо сонины түүх эхэлнэ. Тус сонин Ардын цэрэг, Улаан одон нэртэй байж байгаад 60 жилийн турш Улаан од нэрээр цэрэг армийн мэдээллийг хүргэж байсан бол ардчилсан он жилүүдэд Тусгаар тогтнол нэртэй болсон. Харин одоо Соёмбо нэрээр зэвсэгт хүчний байгууллагын үйл ажиллагааны бүхий л мэдээллийг баримтжуулан, 7 хоног бүр шинэхэн дугаараа зэвсэгт хүчний байгууллагын анги нэгтгэлүүд, цэрэг дайчиддаа хүргэж байна.

Дайны хүнд жилүүдэд ч мэдээлэх үүргээ нэр төртэйгээр биелүүлж байсан сэтгүүлчид, цэрэг дайчид өнөөдөр хүндэтгэлийн арга хэмжээндээ хүрэлцэн иржээ. Ойн баярын хүндтэй зочин бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ахмад дайчин, СГЗ, хурандаа Ядмаа гуай юм. Тэрээр  26 жил  Улаан од сонинд ажиллажээ, дайны хүнд жилүүдэд галын шугам дээрээс мэдээ мэдээллийг ард түмэндээ шуурхай хүргэж цэрэг дайчдаа бичсэн нийтлэлээрээ зоригжуулж байжээ. Мөн сонины эрхлэгчээр ажиллахдаа сонины гадаад харилцааг шинэ шатанд гаргасан төдийгүй, арми сурталчлах ажлыг анх удаа зохион байгуулсан гавъяатай юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн