Шинэ донорын тоо 27 хувиар өсчээ.
Улсын хэмжээнд доноруудын тоо огцом нэмэгдэж байна. Тэр дундаа 35 хүртэлх насны залуучууд цусаа бэлэглэх нь нэмэгдэж байгаад эмч мэргэжилтэнүүд талархалтай байна. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 1,1 хувь нь донор болжээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв сарын 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж,цусаа хандивлах ач холбогдолыг олон нийтэд сурталчилж,доноруудаа алдаршуулж эхэлснээр доноруудын тоо улсын хэмжээнд өсөж байна. Тухайлбал 2009 онд нийт хүн амын 0,7 хувь нь донор байсан бол одоо 1,1 хувь нь донор болж цусаа хандивладаг болжээ. Түүнчлэн сүүлийн 5 жилийн хугацаанд шинэ донорын тоо 27 хувиар нэмэгдсэн байна. Тэр дундаа 35 хүртэлх насны залуучууд донор болох нь нэмэгдэж байгаад эмч мэргэжилтэнүүд талархалтай байна.
Өнөөдрийн байдлаар нийт 26 мянган донороос цус цуглуулж байна. Нийт цуглуулсан цусны 83 хувийг нийслэлийн эмнэлгүүдэд ашиглаж,цусны нөөцийг бүрдүүлж байгаа юм. Нэг донороос авсан цусаар гурван хүний эрдэнэт амь насыг аварч байгаа гэж тооцвол доноруудын эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй их юм. Тиймээс өнөөдөр цусаа бэлэглэх өдрийн хүрээнд 7 донорыг шагнаж урамшууллаа.