“БАЯЛАГ БҮТЭЭГЧ-ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-оос “Баялаг бүтээгч-өглөөний цай” зангиагүй уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар цар тахлын үед төрөөс баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах нь сэдвээр санал солилцсон юм. Зангиагүй уулзалтад баялаг бүтээгчдийн 40 гаруй төлөөлөл оролцсон бол урилгаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Мөнхцэцэг нар болон зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг нар оролцлоо.
Өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдын хувьд бүгд “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн оролцогчид бөгөөд өөрсдийн үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ орон даяар танилцуулсан үндэсний үйлдвэрлэгч нар юм. Ийнхүү салбар бүрийн үүсгэн байгуулагч, удирдлагууд болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл гэх мэт бүрэлдэхүүнтэй маш чухал уулзалт боллоо. Уг үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж буй “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр Төр болон хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор цаашид энэхүү арга хэмжээг 14 хоног тутам тогтмол зохион байгуулахаа нээлтийн үеэр мэдэгдлээ.
Ш.АЛТАНЧИМЭГ: ТУН УДАХГҮЙ ЖДҮ ЭРХЛЭГЧ НАРТАА ЧИГЛЭСЭН САЙХАН МЭДЭЭ ДУУЛГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
“Баялаг бүтээгч- өглөөний цай” уулзалтад хүрэлцэн ирсэн зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг Баялаг бүтээгч нартаа маш сайхан мэдээ дуулгахаар ирсэн тухайгаа ярилаа. Үүнд: Зээлийн батлан даалтын санг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр болох Азийн хөгжлийн банкны МОН 338 төслийн 12-15%-ийн хүүтэй 10 хүртэлх жилийн хугацаатай авах боломжтой хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлийг 30-60%-ийн батлан даалттай гаргадаг байсан ба ерөнхийдөө тэрбум хүртэлх зээлд 420 сая хүртэлх дүнтэй батлан даалтад гаргадаг байсан. Тэгвэл энэ төсөл дээр шинэчлэл хийж цар тахлын үед Азийн хөгжлийн банк болон зээлийн батлан даалтын сантай хамтран үйл ажиллагаа явуулдаг 6 банктай хэлэлцээр хийж харилцан тохиролцсоны үр дүнд хүүг нь 8,88-12,54%-ийн хүүтэйгээр 2 тэрбумын зээлд 1 тэрбум 20 саяын батлан даалт гаргадаг болохоор шийдэх гэж байна. Эцсийн шийдвэрийг удахгүй Сангийн яам болон Монгол банкнаас зарлана.
Бас нэгэн давуу тал бол Банкнаас авсан өндөр хувийн хүүтэй зээлийг шилжүүлэх боломжтойгоор шийдэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ийнхүү Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалтын сантай зээл та бүхэнд шинэчлэгдэн очиход ойрхон ирсэн гэдгийг дуулгахад таатай байна.
Ж.ЧИНБҮРЭН: БҮГДЭЭРЭЭ ЭРҮҮЛ БАЙЖ ЦАР ТАХЛЫГ ДАВЖ ГАРАХ НЬ ЧУХАЛ
Анхны зангиагүй уулзалтанд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ЗГ-аас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр ЖДҮ эрхлэгч нартаа хандан ажиллах хүч болох ажилтнууддаа анхаар хандуулж бүрэн шинжилгээнд хамруулах нь чухал асуудал гэдгийг сануулж байсан юм.
Мөн цар тахлын энэ хүнд үед ковидын халдвараас болж Монголд мянган хүн тутмын 4 нь эндэж байгаа харамсалтай мэдээг ч дурьдлаа. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөж, хамтдаа эрүүл байж цаашид баялаг бүтээгчид үйл ажиллагаагаа тогтмол явуулах хэрэгтэй талаар хэлсэн юм.
Ц.МӨНХЦЭЦЭГ: ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ХУВЬД БОЛОМЖТОЙ БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд ждү эрхлэгч нарт тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчинг сайжруулах тал дээр Баялаг бүтээгчдийн санаа бодлыг сонсон, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн зөрчлийн хуулинд удахгүй өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өглөө.
Ч.ДАВААБАЯР: Төр болон ААН-үүд хоорондоо ойлголцож хамтын ажиллагаа явуулахгүй бол үйлдвэрлэгчид төрдөө , төр нь баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ татвар, зээл, зээлийн хүүний дарамт болон зөрчлийн хуулиар торгох гэх мэт нөхцөл байдал үүсгэхгүйгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Цар тахлын үед бид эв нэгдэлтэй байж, нэгнийгээ бодитоор дэмжиж ажиллавал энэ хүнд хямралын үеийг хамтдаа давж гарч чадна гэж харж байна.
Харин ЖДҮ эрхлэгч нарын төлөөллийн зүгээс Мөөжиг органик ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал: Татвар болон нийгмийн даатгалтай холбоотой өр ширний асуудал үүсэж байгаа нь дарамт болж байгаа тухай санаа бодлоо хэлж байлаа.
Ц.БАТ-ЭРДЭНЭ: ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ БАЯЛАГ БҮТЭЭГЧ
БИШ УЧИР ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙГАА БИДНИЙГ ХЭЗЭЭ Ч ОЙЛГОХГҮЙ
“HYBRID HOUSE ХХК”-ийн захирал Ц.Бат-эрдэнэ: Цар тахлын үед хил гааль хаагдсан учир Дотоодын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж байсан. Гэвч буруу бодлого, буруу шийдвэр, хариуцлагагүй гаалийн ажилчдын үүсгэсэн нөхцөл байдлаас шалтгаалж ачаа тээвэр, түүхий эдийн хомсдолд орж дотоодын үйлдвэрлэлүүд хөгжих ямар ч боломжгүй болоод байна.
Ц.ЭНХБАЯР: БИД ХАЛАМЖААР ХОЁР ТӨРЛИЙН ХҮМҮҮСИЙГ ТЭЖЭЭЖ БАЙНА. ЭСВЭЛ ТУЙЛЫН ЯДУУ, ЭСВЭЛ ТУЙЛЫН БАЯН
Түмэнзул энержи ХХК-ийн захирал Ц.Энхбаяр: Хавтгайрсан халамжийн бодлогоос болж ажиллах хүч боловсон хүчин маш их дутагдаж байгаа тухай санаа бодлоо илэрхийллээ. Мөн төрөөс дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа ЖДҮ эрхлэгч нарынхаа бүтээгдэхүүнээс тодорхой хувийн худалдан авалт хийж хөрөнгө оруулах хэрэгтэй байгааг хэлсэн юм. Татвар төлөх, нийгмийн даатгал төлөх гэх мэт маш олон төрлийн өрийн асуудал үүсэж байгаа энэ нөхцөлд үндэсний үйлдвэрлэгчиддээ чиглэсэн бодлого гаргахыг уриаллаа.
Сэтгүүлч: О.Одонтунгалаг
ФОТО АГШИН

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн